“Төр төмөр нүүрээ харуулна” хэмээн даналзаж ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч, давшилж байна.
Төр нь хувийн хэвшлийг эхнээсээ булаан, эзэрхийлж, дээрэмдсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Улсдаа хийж бүтээж байсан хувийн хэвшил нь төрд очсон ч улам бүр доройтож, өөд нар үзэхгүй байдалд оржээ.
Нухчин дарсан тод жишээ бол “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” компанийг төрийн мэдэлд авч, захирлаар нь цүнх барьж, долдойдсон, попын хаан Л.Наранбаатарыг томилж орхисон явдал. Харамсалтай нь сүр дуулиантайгаар хэвлэлээр шуугиж, тухайн үед захирлаар нь очсон нэгэн “алаад өгнө, ард түмэн харж байгаарай” хэмээн даналзаж байсан ч өдгөө “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа ганхаж эхэлжээ.
Цементийн үйлдвэрийг төрд авснаар 100 хувь дотоодоо хангана гэсэн ч бүтээн байгуулалт эд өрнөх энэ цаг үед цементийн хомсдол үүсч, үнэ нь хэд дахин өсчээ. Ийн цементийн зах зээлийг төр өөрийн гараараа самарч хор уршиг, лай ланчигийг нь иргэд, аж нэгжүүд өнөөдөр нуруун дээрээ үүрч явна.
Цар тахлын хүнд бэрх өдрүүдэд хувийн хэвшлүүд дампуурлаа зарлачилгүй хойд, хормойгоороо урд хормойгоо нөхөж арай ядан даван гарсан. Баялаг бүтээгчдийг төрөөс дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч хачир дээрээ жинхэнэ эзэддээ хүрдэггүй, дээгүүр доогуураа идээд уучина. Энэ бол бодит байдал.
Уг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг ч хачир дээрээ хяналт шалгалт, дарамт шахалтаас хэтэрсэнгүй. Хувийн хэвшлээсээ дэмжих бус эсрэгээрээ эзлэн түрэмгийлж, хаднаас түлхэн унагаж байгаагийн тод жишээ бол энэ.
Хааж боох, эзэмшилдээ авах, нураах, цөөлөх асуудал ганцхан жишээгээр тогтохгүй. Нийслэлд зөвшөөрөлгүй нэрээр гаражуудыг буулгаж, хувийн өмчид халдаж байгаа асуудал ч үргэлжилж байгаа. Мөн дугуй цагаан гэгддэг Зайсан дахь шавран гэрүүдийг шөнө дөлөөр нурааж, үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын ажилчид, төрийнхний дунд мөргөлдөөн хүртэл үүсч, нанжилдаад авсан.
Буулгаж нураах асуудлыг урьдчилан хэлж сануулалгүй, үүрийн таван жингээр гэнэт дайрдаг нь төрийн хийдэг ажил болсон. Амьдрах гэж ядаж яваа иргэдээ, улсдаа татвараа төлж, олон мянган хүнийг ажлын байраар хангаж, талхтай нь залгуулж, бор зүрхээрээ чардайж байгаа хувийн хэвшил тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчдээ бүү дарамтлаач… ТӨР иргэндээ ээлтэй байх ёстой бус уу.
Эх сурвалж: Mass.mn