Холимог тулаанч З.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар өндөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээллээ. Боксын дасгалжуулагч Б.Энхтайван “Хоёр тамирчин 300, 300 сая төгрөгийн бооцоо тавьж тулалдахаар болсон. Энэ явдал нь мэргэжлийн спортын үнэлэмж өндөр болж буй нэг жишээ. Тамирчдын хооронд үүссэн маргааныг дэвжээн дээр шийдье гэдэг санал бол ёс зүйтэй үйлдэл.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Холимог тулаанч З.Шинэчагтагатай тулалдъя гэдэг санал би тавьсан. Хүсэлтийг тэр хүлээн авсан. Тулаанд дуудах болсон шалтгаан гэвэл З.Шинэчагта нь ах нарынхаа дэргэд намайг цохиж унагасан. Мэргэжлийн боксоосоо гараагүй байсан бол надаас илүү амжилттай явж байгаа гэж хэлсэн. Үүнийг няцааж би тулаанд дуудсан.
Багаасаа хамт мэргэжлийн боксоор хичээллэж байсан учраас З.Шинэчагтагыг би мэднэ. Өмнө нь тулалдаж байсан бөгөөд би ялсан. Хүйтэн, пээдгэр зангаас өөр юу ч байхгүй” гэлээ.
Холимог тулаанч З.Шинэчагтага “ Миний жин 78 кг, Э.Цэндбаатарын жин 75 кг байна. Бид хоёр жингээ хасаж 70 кг жин дээр хамт тулалдахаар болсон. Тулааны шүүгчээр мэргэжлийн боксыг олон жил шүүсэн туршлагатай шүүгч шүүнэ. Бооцооны мөнгийг тулаан дээр бэлэн авч ирнэ. Ялсан тамирчин нь бүх мөнгийг авч явна.
Миний хувьд мэргэжлийн боксоор хичээллэж байгаад сүүлийн жилүүдэд холимог тулаанаар хүч үзэж буй. Э.Цэндбаатар нь миний тулалддаг холимог тулаанаар хүч үзье гэж хүсэлт тавиагүй нь надаас айж байгаа жишээ. Гэхдээ би түүнээс айхгүй болохоор мэргэжлийн боксоор нь тулалдъя гэдэг саналыг нь хүлээн авсан” гэлээ.