Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, иргэдэд Хотын дарга Д.Сумъяабазар талархал илэрхийлэв.
Тэрбээр “Эрхэм хүндэт улаанбаатарчуудаа
Та бүхэндээ дэлгэр зуны мэндийг хүргэж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, санаачилгаараа хашаа, хайсаа буулгасан байгууллага, хамт олон, иргэддээ талархал илэрхийлье.
Хот гэдэг хөгжил болоод төвлөрлийн цөм суурин хэдий ч иргэн нэг бүрийнхээ аюулгүй ажиллаж амьдрах, хүүхэд багачуудын тоглож наадах орчныг тэгшитгэн хамгаалж, тэдний өмнө үүсэж буй бэрхшээлийг шийдвэрлэх нь бид бүхний хувьд эн тэргүүний эрхэм зорилго байх учиртай. Уг зорилгын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 3,665 гарааш чөлөөлж, газрын зөрчлийг арилгаж, орчныг цэвэрлэлээ. Энэ оны зургаадугаар сарын байдлаар 201 байршилд 5,844 метр урт хашаа, хайс чөлөөлөөд байна.
Хотын иргэдийн санал, гомдолд тулгуурласан энэ өөрчлөлт албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар хэрэгжиж эхэллээ.
Ингэж албан байгууллага, хамт олон, иргэд санаачилгаараа хүрээлж байгуулсан хашаагаа буулгаж, хотын иргэдээ булан тойроод отон хүлээж байж мэдэх эрсдэлээс хамгаалж, цэлгэр уудам гудамж талбайд алхаж зугаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэг нь Улаанбаатар хотын төлөө, улаанбаатарчуудын төлөө оруулж буй үнэт хувь нэмэр, нийгмийн идэвхтэй оролцооны манлайлал юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд маань чөлөөлсөн хашааныхаа оронд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт хийж, иргэдийн амарч тухлах газар болгон тохижуулж, нийслэл Улаанбаатараа ногоон хот болгох, нэг хүнд ногдох байгууламжаараа дэлхийн жишигт хүрсэн хот болоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тиймээс бидний санаачилгыг ажил хэрэг болгож, үлгэрлэн манлайлсан Төрийн банк, “Зүчи” зочид буудал, “Цаст болор” хүнсний дэлгүүр, “Нэгдэлчин” ХХК, “Жи Эс” СӨХ, “Рояль кар ваш” машин угаалгын газар, “Төмөрийн завод” ХК, “Чи Эй Би” ХХК, “Ландмарк” ХХК, “Мандухай” ХХК, Монголын үндэсний олимпын хороо, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон иргэн Б.Баярсайхан, Г.Баярбат, А.Уранцэцэг Та бүхэндээ дахин талархал илэрхийлье.
Та бүгдийн ажил үйлсэд сайн сайхныг ерөөж, бизнес эрхлэхэд таатай, ажиллаж амьдрахад ээлтэй, хөгжлийг дэмжиж, хүнээ дээдэлсэн Улаанбаатар хотын хөгжлийг хамтдаа бүтээхийг урьж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР” гэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар