Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ.Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна” гэжээ.
Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.
Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.
Тэгвэл БТСУХ-ны даргын ажлыг хэн хүлээж авах вэ? Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан гол хүнээр яригдаж байна.