Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шалгаруулалт 6 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж байна. Тус наадам нь “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-өөр шалгаруулалт явуулж байгаа юм. Наадмын шилдгүүд энэ бямба гарагт тодорно.
Энэ жилийн наадамд Монгол, Оросын Холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцож байна.
Наадмын хүрээнд 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Bee Theater” болон Соёл Урлагийн Их сургуульд мэргэжлийн уран бүтээлчид, театр судлаач, соёл урлагийн мэргэжлийн сургуулийн багш нарт зориулан “Хэрвээ чи хүсвэл – Моно драм”, “Физикл театрын үндэс”, “Орчин цагийн чиг хандлага – Театрын судлал шүүмж” сэдвээр наадмын зочин шүүгч Татъяана Ажман, Какумуту Ацуши, Саввас Пасталидис нар сургалт явуулна.