Naminchimed Baasan өөрийн цахим хуудсандаа малчин Эрдэнэмандал, Сүхбаатар, Пүрэвсүрэн нарын ярианаас хуваалцсан нь анхаарал татсан юм. Ингээд постыг та бүхэнтэйгээ хуваалъя. “
ХОГИЙН УРГАМАЛ ХАА САЙГҮЙ ТҮРЖ БАЙНА
Өөр гарц байхгүй болсоон. Юу тодорхой тэр тодорхой. За зарим нэг жишээ хэлье.
Одоо үнээ үсрээд л зургаа тугаллаж байна. Уг нь элбэгхэн найм тугаллачихдаг байсан юм. Яагаад ингэж байна гэхээр шүдгүй болоод, тэгээд хурдан муудчихаж байгаа. Яагаад шүдгүй болсон бэ гэхээр үхэр гэдэг чинь ногоог хэлээрээ ороож иддэг амьтан. Гэтэл хэлээрээ ороож идэх ногоо гарахыг болиод мэрж иддэг болчихсон. Бүр бор шороо ч мэрэхдээ туллаа. Тэгэхээр шүд нь эрт тэжийгээд муудчихаж байгаа.
Бас нэг жишээ хэлье. Одоо агь, ботуул гээд ургамал их ховор үзэгдэх болов. Тарваган шийр гэдэг нь бүр үзэгдэхийн байлаа. Уг нь Тарваган шийр идсэн мал их сайхан махан тарга авдаг юм. Одоо тэгээд хогийн ургамал л хаа сайгүй түрэх болов.
Яагаад гэхээр энэ газар бэлчээр чинь талхиулчихлаа. Манай сум чинь 400 гаран мянган малтай. Байвал зохих хэмжээнээсээ 7 дахин гэв үү дээ их байна гэж байна.
Малын хөлөөр газар ногоо талхиулж байгааг би бас тодорхой баримтаар хэлж чадна. Зуслангийнхаа ойрхон нэг жаахан газар хадахаар хашаа татаад авсан. Гэтэл тэнд чинь төө сайн илүү ургаж байна. Хашаанаас гадна бол хоёр хуруу. Тодорхой байгаа биз.
За ингээд хогийн ургамал голдуу идээд байхаар чинь мал яаж товир тэнхлүүн байхав дээ, ерөнхийдөө давжаарчихлаа.
Тэгэхээр малчин бид одоо яах вэ?
Хоршоолохоос өөр аргагүй. Ингэж хоршоолж байж малаа цөөлнө. Яагаад гэвэл одоо 1000 малтай л байхгүй бол амьдрал хүрэлцэхгүй болсон. Цөөн атлаа чанартай малтай, малаас гарч байгаа түүхий эд, мах сүүгээ арай ахиухан үнээр борлуулчихдаг, тэр бүгд нь амьдрал ахуйд хүрэлцдэг бол юу гэж л тооны хойноос хөөцөлдөөд байхав дээ. Тийм ээ?
Тэгэхээр хоршоолоод, явчихсан нь дээр. Зүгээр хоршоод бол өмнө олон байгуулагдсан. Гэвч тэд чинь малчдын түүхий эдийг аваачиж зардаг л дамжуулагч байдалтай байлаа.
Харин одоо бол ингээд малын эрүүл ахуй, чанар, махны үйлдвэр, борлуулалт, бусад зүйлстэй нь хамтруулаад хөдөлбөл арай өөр байх.
Ядахад л малчид хоршоолоод нэгнээ туслаад дэмнээд явчихвал бид чинь малын хулгайгаас арай гайгүй хамгаалж чадна. Мэдээлэл өгөөд, нэгэндээ дэмнээд. Үгүй тэр, дээхнэ үед чинь гол усаараа нийлээд малаа дор нь ноосолчихдог байсан юм. Одоо бол айл бүр дов довоо шарлуулаад л сууцгаах, бүтэлтэй нь ховор. Ийм л юм болчихоод байна. Энэ Номадик Хабын залуучууд үнэн юм яриад байна. Дэмжиж байна хэмээн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин, Аймгийн аварга малчид болох Сүхбаатар, Пүрэвсүрэн гуай нар ярьж сууна.