Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, УИХ-д 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өргөн барьснаар энэ удаагийн хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа ахалж ажилласан байна.
УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан. Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/ талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг.
Гэвч Концессын тухай хууль нь концессын 7 төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, концессын уралдаант шалгаруулалт зэргийг түлхүү зохицуулсан хууль бөгөөд түншлэлийн таатай орчинг хууль зүйн хувьд хангалттай бүрдүүлээгүй, Төр хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал, түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түншлэлийн баталгаа зэрэг асуудлыг хангалттай зохицуулаагүй, институцийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо, харилцан уялдааг төдийлөн хангаж чадаагүй гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төсөв, санхүүгийн холбогдох томоохон хууль тогтоомжтой уялдаа холбоо сул байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.
Тэгвэл хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Г.Түвдэндорж, “Коцессын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 60 гэрээг хийсэн байдаг. Эдгээр гэрээнээс бариад ашиглаад шилжүүлэх 20, бариад шилжүүлэх төрлийн 40 гэрээ байгуулсан. Гэвч энэ нь эргээд Улсын төсөвт эрсдэл үүсгэх хэмжээнд хүрэхийн зэрэгцээ эдгээр төслүүд эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой талаарх судалгаагүйгээр хийгдсэн сул талууд гарч ирж байна. Концессын гэрээний эргэн төлөлтүүд 2019 оноос эхлэн хийгдсэн. Гэтэл гэрээний эргэн төлөлтийг тооцолгүйгээс төсөвт ачаалал үүсэх хэмжээнд хүрсэн. Одоогийн байдлаар концессын 40 гэрээний эргэн төлөлт 2 их наяд төгрөгийн төлөлт хийгдэж байгаа бөгөөд энэ гэрээтэй холбоотой маргаан үүсэхэд ОУ-ын арбиторын шүүхээр шийдэгддэг. Нийт гэрээний төлөх дүн 9 орчим тэрбум ам.доллар. Энэ нь манай улсын ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр байна. Тиймээс бид судалгаа хийсний үндсэн дээр ард иргэдэд үр ашгаа өгсөн, хувийн хэвшлийн оролцоог хангасан олон улсын жишиг хуультай болох ажлыг эхлүүлсэн” гэдгийг онцолж байна.
Өнөөдрийн УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулиар нийгмийн дэд бүтцийг хувийн хэвшлийн оролцоотой сайжруулах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар ТХХТ-ийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ОУ-ын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.