Жирэмсэн байхдаа ибупрофен, парацетамол зэрэг өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэх нь зулбах, ураг амьгүй болох шалтгаан байж болзошгүй хэмээн Британийн Абердины их сургуулийн эмч нар анагаах ухааны BMJ Open сэтгүүлд гаргасан нийтлэлдээ бичжээ.
Судлаачид 1985-2015 оны хооронд 151 мянга гаруй жирэмсэн эмэгтэйн мэдээллийг цуглуулсан байна. Эмэгтэйчүүдийн зарим хэсэг нь парацетамол, аспирин, ибупрофен, диклофенак, напроксен зэрэг өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэжээ.
Өвчин намдаах эм хэрэглэсэн эмэгтэйчүүдэд жирэмсний явцад нэлээд хүндрэл гарсан байна. Тухайлбал, бага жинтэй төрөх эрсдэл 28%, тархи, нугас бүрэлдэхэд шаардлагатай мэдрэлийн хоолойн хөгжлийн гажиг 64%, хөвгүүдийн дунд бэлэг эрхтний төрөлхийн гажигтай байх магадлал 27%-иар илүү байжээ.
Үүн дотроос ураг амьгүй болох эрсдэл 33%, зулбах, цагаасаа эрт төрөх эрсдэл 50%-иар өссөн байна. Түүнчлэн нярай эхний 1 сардаа нас барах эрсдэл 50% илүү байжээ.
Парацетамолыг жирэмсний үед аюулгүйд тооцдог. Бусад стреоид, үрэвслийн эсрэг бэлдмэлүүд нь хүүхдийн бөөрний ажиллагаа, цусны эргэлтэд нөлөөлдөг байна. Парацетамолыг дунджаар 10 эмэгтэй тутмын 3 нь жирэмсний үедээ хэрэглэж байв. Гэхдээ 2008-2015 онд энэ хэрэглээ хоёр дахин өссөн нь өвчин намдаах эмний хэрэглээ огцом өссөнийг илтгэж байна.
ДЭМБ-ын зөвлөмжөөр парацетамол, ибупрофеныг жирэмсний үед нэг удаа, системтэйгээр бус хэрэглэхийг зөвшөөрдөг аж.
Эх сурвалж: Gazeta.ru
Орчуулагч: Э.Марта