Технологийн хурдтай өөрчлөлтийн үр дүнд байгууллагууд дижитал шилжилтүүд хийж байна, ялангуяа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж шилжилт урьд өмнөхөөсөө илүү хурдацтай явагдаж байна. Гэхдээ өөрчлөлтийг тогтвортой байлгахын тулд байгууллагууд зөв дижитал чадавхийг бий болгосон байх шаардлагатай.
Технологийн хурдтай өөрчлөлтийн үр дүнд байгууллагууд дижитал шилжилтүүд хийж байна, ялангуяа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж шилжилт урьд өмнөхөөсөө илүү хурдацтай явагдаж байна. Гэхдээ өөрчлөлтийг тогтвортой байлгахын тулд байгууллагууд зөв дижитал чадавхийг бий болгосон байх шаардлагатай. McKinsey компанийн дижитал мэргэжилтнүүдийн зөвлөж байгаа зургаан дижитал чадамжийг танилцуулж байна.
1. Олон төрлийн технологийн ур чадварыг бүрдүүлэх
Хэрэв байгууллага дижитал технологийн тусламжтай өөрчлөлт хийх гэж байгаа бол олон төрлийн дижитал ур чадвар, туршлага заавал хэрэгтэй болно. Өгөгдлийн шинжлэх ухаан, өгөгдлийн инженерчлэл, бүтээгдэхүүн болон загварчлалын мэргэжлтнүүд гэх мэт. Эдгээр ур чадварууд байгууллагад инновацийн соёлыг бий болгоход чухал үүрэгтэй байдаг. Тухайн ур чадваруудыг бүрдүүлэхийн тулд байгууллага дахь өнөөгийн ур чадваруудаа үнэлэх, зөрүүгээ тодорхойлж, байгууллагадаа ур чадварыг хөгжүүлэх үү, шинээр авах уу, эсвэл аутсорсингээр шийдэх үү гэх мэт шийдвэр гаргалтыг хийх хэрэгтэй болно.
2. Харилцагчид төвлөрсөн дизайны сэтгэлгээ
Цар тахлын нөхцөл хүмүүсийн сэтгэл санааны байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь компаниуд үйлчлүүлэгчиддээ чиглэсэн илүү өргөн хүрээний идэвхижүүлэлтийн бодлогын талаар бодох шаардлагатай болж байна. Дизайны сэтгэлгээ нь хүний мэдрэмж, туршлага дээр суурилдаг учир зөв шийдэл гаргахад туслана. Жишээ нь банкны аппликэйшн бол зөвхөн гүйлгээ хийх биш энэхүү шилжилтийн цаг хугацаанд санхүүгээ эрүүл удирдан авч явахад туслах үүрэгтэй байх нь харилцагчид төвлөрсөн бодлого юм. Дизайны сэтгэлгээ нь байгууллагуудад харилцагчдаа үзүүлж байгаа үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгодог.
3. Эжайл ажиллах зарчим
Уламжлалт ажлын арга барилаар төслийн нөөц, зардал, хугацааг эцсийн зорилгодоо суурилан тодорхойлдог байсан бол эжайл аргачлалаар бол тогтсон цаг хугацаа, зардал, нөөцийн хүрээнд багийн гишүүд ямар цар хүрээтэй, үр дүнтэй ажиллаж чадахыгаа тодорхойлох боломжтой байдаг. Эжайл ажиллах арга бол удирдагчдын сэтгэлгээний өөрчлөлт бөгөөд энэ нь та тодорхой хязгаарлалтын хүрээнд бүтээгдэхүүний хамгийн оптимал хувилбарыг бүтээх тухай юм. Энэ нь байгууллагад тасралтгүй суралцах, сайжруулах боломжийг олгодог юм.
4. Дата ашиглах чадвар
Дата мэдээллийг уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх байдлаар шийдвэр гаргалтандаа ашиглах чадвар нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа дата мэдээлэлтэй өнөө үед маш чухал. Энэ нь математик загварчлал, хиймэл оюун ухаан, дата удирдах хэрэгслүүд гэх мэт ирээдүйн байгууллагуудад зайлшгүй шаардлагатай чадваруудыг агуулдаг.
5. Шинэ үеийн технологи
Цар тахлын нөхцлөөс болоод байгууллагууд зайнаас ажиллах шаардлага гарч, үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ огцом өслөө. Магадгүй энэ байдал буцаж өмнөх байдал руугаа шилжихгүй байх гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Ихэнх бизнесүүдийн хувьд үүлэн технологи, IoT дээр суурилан хэрэглэгчидтэйгээ холбогдох харилцаа холбоо, үйлчилгээгээ үргэлжлүүлэн цахимжуулсаар байх болно.
6. Аналитик үндэслэл
Дижитал шилжилт онцгой нөхцөл байдлаас болж хурдассан хэдий ч энэ бол тасралтгүй процесс юм. Бизнесийнхэнд улам бүр түвэгтэй асуудлууд тулгарсаар байх болно, бид бүгдийг таамаглах боломжгүй учраас удирдагчдад асуудлыг задлах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шинэ төрлийн дата ашиглах, өөр өөр шийдлүүдийг тасралтгүй хайж олох хэрэгцээ гарч байна.
Эх сурвалж: mogulconsulting.mn