Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.