Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Энэ үеэр гишүүд Прокурорын хуульд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тайлбар хүссэн юм. Тэрээр асуултад хариулахдаа, Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авахаа мэдэгдсэн. УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу дагалдуулан өргөн барьсан хуулиас Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг татан авах хүсэлтээ бичгээр УИХ-д мэдэгдэнэ, харин бусад хуулийн өөрчлөлтүүдээ хэлэлцээд явах зүйтэй гэдгээ илэрхийллээ.
Ингээд Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Прокурорын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд “Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн “прокурорын” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй” гэсэн байсан.
Одоо мөрдөгдөж буй Прокурорын тухай хуулийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан юм.