Focus on the Family Mongolia-Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын тэргүүн, Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул зөвлөж байна.
Хэн нэгэн хүн таныг гомдоох үед та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Эхлээд гомдоовол за яахав энэ удаа зүгээр өнгөрөөе гээд дуугүй өнгөрч дахиад гомдоовол араандаа зууж дахиад гомдоовол уурлаж тэр хүнээс зайгаа барьдаг уу? Хэн нэгэн хүнтэй муудалцаж маргалдах үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Зарим хүмүүс муудалцсан хүнтэйгээ дахиж дуугардаггүй бөгөөд дотроо тэр хүнийг зэвүүцэж үзэн яддаг. Харилцаагаа сайжруулах нь таны эрүүл мэнд болон сэтгэл санаанд тустай байдаг. Гэхдээ тухайн хүн байнга дарамтыг үзүүлж байвал өөрийнхөө сэтгэл санааг хамгаалахын тулд холдох хэрэгтэй байдаг!
ӨӨРИЙНХӨӨ ЮУ МЭДЭРСНИЙГ ХУВААЛЦАЖ СУРАХ
Харилцаан дээр хүмүүс өөрийнхөө юу мэдэрснийг хэлэхийн оронд чи яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ гэж хэлдэг. Тухайлбал, чиний надад хэлсэн үг надад муухай санагдлаа чи ямар утгаар хэлсэн бэ? Гэж хэлэхийн оронд чи яагаад намайг доромжилж байгаан? Чи ингэж хэлдэг хэн юм бэ? Чамд доромжлуулах болоогүй шүү! Гэх мэт өөрт төрсөн мэдрэмжийн талаар хэлэхгүйгээр нөгөө хүн рүү шууд дайрдаг. Аль эсвэл өөрт төрсөн мэдрэмжийг хуваалцахгүй дуугуй өнгөрдөг бөгөөд хожим нь яг ижилхэн үйлдэл гаргах үед илүү их гомддог. Хэн нэгэн хүн танд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол тэр дор нь өөрт төрсөн мэдрэмжийг хуваалцаж харилцаагаа зөв хадгалж үлдэхийг хичээгээрэй.
ЯРИАГ АЯДУУ ЗӨӨЛӨН ДУУ ХООЛОЙГООР ЭХЭЛЖ СУРАХ
Судалгаагаар ямар ч төрлийн харилцааг аядуу зөөлнөөр эхлэхгүй бол цаашаа 15 минутын турш асуудал хурцаддаг гэдгийг баталжээ. Та бусадтай ярилцахдаа аль болох ширүүн дуу хоолой юмуу ширүүн харцтайгаар битгий эхлээрэй. Ямар ч асуудал байсан аль болох аядуу өнгө аясаар эхлэх юм бол төгсгөл нь ч мөн адил эерэг байх болно! Ууртай байгаа бол эхлээд өөрөө тайвширсны дараа ярилцахыг хичээгээрэй!
ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГИЙГ ОЙЛГОХ
Эмэгтэйчүүд хоорондоо ярьж суухдаа ямар ч сэдвээр хэдэн ч цаг ярилцаж тэрнээсээ аз жаргалыг авдаг. Харин эсрэгээр эрчүүдийн хувьд эхнэрээ юм ярих үед нь сонсохоосоо илүүтэй зааварчилгаа өгөх юмуу гарц шийдлийг хэлдэг. Эмэгтэй хүний хувьд ярихыг нь сонсох нь л тэдэнд тайвшрал болон халамжийг өгдөг бол эрэгтэй хүмүүс яриаг нь сонсохоосоо илүүтэй ингэхгүй яасан юм, одоо тэгээд яахав би юу хийх үү гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг. Хүүхдээ ч мөн адил сонсож тэдний сэтгэл мэдрэмжийг сонсохоосоо илүүтэй ингэ тэг, за сүртэй юм, юундаа сэтгэлээр унадаг юм гэх мэт хариу үзүүлдэг. Та хариу өгөхөөсөө өмнө маш сайн сонсдог байгаарай!
ХҮНИЙ ТАРХИ ӨНГӨРСӨН ДУРСАМЖИЙГ ОДООГИЙНХТОЙ САЛГАЖ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ!
Та хүнтэй маргалдаж муудалцаад салж болно гэхдээ таны тархи таагүй мэдрэмжийг бичиж үлдээдэг. Та ахин хэн нэгэнтэй маргах юм уу муудалцах үед өмнө нь мэдэрч байсан мэдрэмж сэдэрч харилцаа улам хүндэрдэг. Тухайн муудалцсан хүн өөр хүн байсан ч урьд нь маргаж муудалцаж байсан үед төрсөн мэдрэмж сэдэрснээр улам сэтгэл шархалдаг. Ямар ч төрлийн харилцаанд сэв үлдэх боломжийг битгий олгоорой! Мэдээжийн хэрэг танд дахин дахин хор учруулсан хүнээс зайгаа барих нь зүйтэй! Гэхдээ тэр харилцаанаас авсан шарх шаналалаа дотроо битгий хадгалаарай! Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай!