Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс цахим худалдаа эрхлэгчдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, зар сурталчилгаа нь бодит байдалд өнгө үзэмж, чанарын илт зөрүүтэй, бараа буцаалтаа хийдэггүй, хангалттай мэдээллийг хэрэглэгчид өгдөггүй талаарх гомдлыг ихээр ирүүлж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар “Цахим худалдааны орчин”-д хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудлаар “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас, чат бот, пэйж хуудсанд иргэд, хэрэглэгчдээс нийт 86 гомдол ирүүлснийг шуурхай шийдвэрлэн 31 иргэний 5,555,200 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж, цахим орчинд худалдаа эрхлэгч 2 иргэнд 1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, ажиллаж байна.

Гэвч цахим худалдаатай холбоотойгоор хэрэглэгчдээс ирүүлдэг гомдлын тоо буурахгүй байгаа тул цахим орчинд худалдаа эрхлэгчдэд болон хэрэглэгч танд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

НЭГ. ХЭРЭГЛЭГЧДЭД

– Пэйж, фэйсбүүк хуудсанд өөрсдийн тухай танилцуулга байгаа эсэх, хаяг байршил, холбогдох утасны дугаар байгаа эсэхийг сайтар шалгаж, үйлчлүүлэх эсэхээ шийдэх;
– Худалдан авагчдын анхаарлыг татаж, бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дизайн, өнгө үзэмжид түлхүү анхаарч, хамгийн сайхнаар харагдуулах боломжит хувилбаруудыг ашигласан байдгийг санаж, бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртахгүй байх;
– Бодит байдалд өнгө үзэмж, чанарын илт зөрүүтэй, доголдолтой бараа бүтээгдэхүүн байх боломжтой тул барааг хүлээн авсан даруйд шалгаж нягтлах, цахилгаан барааны хэвийн ажиллагааг заавал шалгаж авах;
– Буцаалт хийсэн тохиолдолд хүргэлтийн болон бусад нэмэлт зардал төлбөрөөс суутгагдах эсэх, зардлыг хэн хариуцах зэрэг бараа буцаалтын журам, нөхцөлтэй урьдчилан танилцах;
– Захиалгын баталгаажуулалт /гүйлгээ хийсэн баримт, захиалгын хуудас, коммент г.м/-ыг хадгалж үлдэх;
– Хүргэлтийн хугацааг урьдчилан асууж тодруулах зэрэгт тус тус анхаарч ХЭРЭГЛЭГЧ ТА хариуцлагатай худалдан авалт хийхийг анхаарна уу.

ХОЁР. ЦАХИМ ОРЧИНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД

– Цахим хуудаст онлайн дэлгүүрийн танилцуулга, хаяг байршил, холбогдох утасны дугаарыг заавал байршуулах;
– Худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаа нь үнэн бодитой байх;
– Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, доголдолтой бараа бүтээгдэхүүн борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар нэн даруй буцаалтыг хийх, үйлчилгээний доголдлыг арилгах үүргээ хэрэгжүүлэх;
– Бараа буцаалтын болон хүргэлтийн үйлчилгээний журамтай байх;
– Чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хангах зэргээр худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.

Цахим орчинд худалдаа эрхлэгч ТА БҮХЭН үйл ажиллагаандаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн эрхийг хохироохгүй байхад анхаарч ажиллана уу.

ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ цахим орчны худалдаатай холбоотой гомдол, саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас,

bichigkhereg@afccp.gov.mn и-мэйл,
https://afccp.gov.mn цахим хуудас,
https://www.facebook.com/afccpmongolia фэйсбүүк хуудас,
https://www.facebook.com/groups/391583442769715 групп,
https://twitter.com/afccpmn зэрэг цахим хаягуудаар хүлээн авч байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн