Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын хөгжлийн тайлангийн 2021 оны аялал жуулчлалын рейтингийг Япон улс өнгөрсөн онд тэргүүлжээ. Тус улсад коронавирусний халдварын улмаас хязгаарлалтууд тогтоосныг үл харгалзан ийнхүү нэгдүгээрт жагссан байна.
Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрыг анх удаа эзэлж буй Япон улс соёлын өв болон дэд бүтцийн хэд хэдэн шалгуурт дээгүүр бичигдсэн бөгөөд тус улсын араас АНУ, Испани хоёр, гуравдугаарт жагссан байна.
Хоёр жил тутам танилцуулдаг тайланд Япон агаарын тээврийн дэд бүтэц, соёлын өвийн шалгуурт дөрөвдүгээрт, хуурай газар, боомтын дэд бүтцээр зургаадугаарт бичигджээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээгээрээ тун доогуур /107/ жагсжээ.
Жагсаалтын эхний зургаан байрыг Японоос гадна дан Өрнөдийн орнууд эзэлсэн бөгөөд Ази-Номхон далайн орнуудаас Австрали хамгийн дээгүүр /Японы дараа/ буюу долоодугаарт, Сингапур есдүгээрт жагсжээ. Нийт 117 улс орон, бүс нутгийг ийнхүү жагсаасан байна.
Аялал жуулчлалын салбар цар тахал, Оросын түрэмгийллийн үр дагавраас аажмаар сэргэж байгаа энэ үед тулгарч буй сорилт эрсдэлийг харгалзан өнгөрсөн хийгээд одоогийн хямралаас сургамж авч, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хүртээмжтэй, тогтвортой алхмуудыг хийх нь чухал байгааг тайланд цохон тэмдэглэжээ.
Цар тахал дэгдэхээс өмнө Япон улс аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болгохыг эрмэлзэж, олимп, паралимпын наадмыг зохион байгуулахаар товлосон байсантай холбогдуулан 2020 онд 40 сая гадаадын жуулчин татах зорилго дэвшүүлээд байсан юм.
Гэвч 2020 оны эхээр цар тахал дэгдэж эхлэх үеэс гадаадын жуулчдад хилээ хааж, улмаар коронавирусний “омикрон” хувилбарын тархалттай холбогдуулан өнгөрсөн оны 11 дүгээр сараас Японд оршин суудаггүй гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон билээ.
Харин энэ оны гуравдугаар сараас хилийн хяналтын хязгаарлалтуудаа сулруулж эхэлсэн бөгөөд ирэх зургаадугаар сараас эхлэн өдөрт хилийн чанадаас хүлээн авах хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянгад хүргэхээр төлөвлөж байна.
Аялал жуулчлалын рейтингийн жагсаалтыг хамгийн сүүлд 2019 онд гаргах үед Япон дөрөвдүгээрт жагсаж байсан бөгөөд түүнээс хойш шалгууруудыг нь шинэчлэн өөрчилжээ. Хэрэв 2019 оны жагсаалтыг шинэ шалгуурын дагуу гаргасан бол Япон хоёрдугаарт бичигдэх байсан гэж Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлжээ.
Эх сурвалж: Montsame