Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд хойшлогджээ.
Тодруулбал, Урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод зургадугаар сарын 2-4-нд болох байсан ч Монголд ирэх багууд дамжин нисэх боломжгүйгээс тэмцээн хойшилжээ.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тус тэмцээний D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам зэрэг гурван улстай багтсан юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос Монголд ирүүлсэн захидалд “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри-Ланка улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлыг хийн ажилласан ч багууд дамжин нисч ирэх давагдашгүй хүчин зүйлийн улмаас боломжгүй болсноос ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдлээ” гэжээ. МИАТ компаниас Тайланд руу чартер нислэг хийх санал гаргасан боловч цаад талаас дэмжээгүй юм байна.