Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан “Тавдугаар сарын 28-нд 06:00-18:00 цагт “Улаанбаатар марафон” зохион байгуулж, авто зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно” гэлээ.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их Тойруу, Бага Тойруугийн авто замыг хааж байгаа учир Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол, Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоолын чиглэлд зорчих юм.
Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн нийтийн тээврийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар иргэдэд үйлчилнэ.
Нийтдээ 39 чиглэлд өөрчлөлт орж байгаа учраас энэ талаарх мэдээллийг www.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ”, Нийтийн тээврийн газрын пэйж хуудас, иргэдийн UB Smart Bus аппликэйшнээр аван, зорчих боломжтой юм байна.