АНУ, Япон, Энэтхэг, Австралийн аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ КУАД эвслийн дээд хэмжээний уулзалт Японы нийслэл Токиод боллоо.
Энэ удаагийн дээд уулзалт аюулгүй байдал, тэр дундаа Оросын Украинд явуулж байгаа дайнаас улбаатай аюулгүй байдлын сорилтууд, болон олон улсын худалдааны салбарт чиглэжээ. КУАД-ын дээд уулзалт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн геополитик, аюулгүй байдалд нөлөөлөхүйц хамгийн чухал уулзалтуудын нэгд тооцогдож байна.
КУАД-ын улс орнууд цаашид Энэтхэг-Номхон далайн бүсэд аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхээр тохирчээ. зохион байгуулагч Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида сүүлийн үед болж байгаа үйл явдлууд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад олон улсын хамтын ажиллагаа илүү чухлыг тод харуулж байна гэдгийг цохон тэмдэглэжээ.
Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида: Орос Украинд довтолсон нь НҮБ-ын дүрэмд бичигдсэн зарчмуудыг илт зөрчиж байна. Бид Энэтхэг Номхон далайн бүс нутагт яг ийм зүйл болохыг зөвшөөрч чадахгүй. Ийм цаг үед бид нэгдмэл байж, дөрвөн улсын эв нэгдлийг харуулах хэрэгтэй. Чөлөөт нээлттэй Энэтхэг номхон далайн бүсийн хамтын үзэл баримтлалд тууштай байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулах нь бидний хувьд туйлын чухал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: КУАД–ын өмнө хийх ажил их байна. Бодит байдал биднээс энэ бүс нутгийг энх тайван, тогтвортой байлгахын тулд маш их зүйлийг хийхийг шаардаж байна. Шинэ хамтрагчийн маань хэлсэнчлэн ковид19 цар тахал, дараагийн шинэ тахалтай тэмцэх, цаг уурын хямралд анхаарах хэрэгтэй байна. Ирээдүйн технологи бидний үнэт зүйлд захирагдаж байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй. Богино хугацаанд ч гэсэн бид КУАД бол зүгээр нэг хэлбэр хөөсөн зүйл биш гэдгийг харууллаа.
Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албаниз “Цар уурын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах замаар илүү хүчирхэг, илүү тэсвэртэй Энэтхэг номхон далайн бүс нутгийг бий болгох КУАД–ын үзэл санаатай Австралийн шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэл нийцэж байна гэдгийг онцоллоо.
Харин Энэтхэгийн ерөнхий сайд Моди КУАД дүр төрхөө олсон, цаашид илүү хүчирхэг болох болно гэж мэдэгджээ. Токиогийн энэ уулзалт КУАД–ын 4 дэх уулзалт. Хоёр жил гаруйн хугацаанд хоёр удаа цахимаар, өнгөрсөн намар Вашингтонд 3 дахь уулзалт нь болсон. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын тэлэлтийг сааруулах зорилгоор санаачилга төдий байсан бүлгийг сэргээсэн юм.
Байдены засаг захиргаа Энэтхэг номхон далайн бүс нутагт илүү их анхаарах, Хятадыг эдийн засаг, аюулгүй байдлын том гүрэн болохын эсрэг Америкийн гадаад бодлогод өөрчлөлт оруулж байгаа нь КУАД эвслийн түншлэлээр улам бүр тодорч байна гэж ажиглагчид үзэж байна.