УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийхдээ, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлгээс завсарлага авсан.
Учир нь хуулийн төслөөр өнөөдрийн өргөн барьсан хүрээнд УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байсан юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслүүдийн тодорхой заалтуудыг өөрчилөх зөв гэж үзлээ.
Тодруулбал, хуулийн төслийн 34 дүгээр зүйлд заасан улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сонгох тухай заалт, мөн 3.13-д тусгасан УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол энэхүү хуулийн төслийг дагаж мөрдөхгүй талаар тусгасан байдаг.
Эдгээр заалтуудыг дэмжихгүй, харин бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ. Тиймээс Төсвийн байнгын хороонд ажлын баг гарч, дээрх заалтуудыг хасах саналыг тусгаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд хоёр заалтад онцгой анхаарал хандуулж байгаа аж. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу ажиллуулах, мөн НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллаж болохыг дэмжсэн хуулийн заалтууд байсныг бүлгийн гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Ингэснээр УИХ-аас ажлын баг гарч, энэхүү заалтыг өөрчлөн найруулах, шаардлагатай тохолдолд хасах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” хэмээв.
Мөн тус бүлэг Хөтөлийн цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн байна. УИХ-аас ажлын баг гарч, Засгийн газар, Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллах, цаашид энэхүү тогтоолоос гарч болох үр дагаваруудын талаар тодорхой заалтуудыг оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.