УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн бүтцийг судалж үзэхэд хүүгийн зардлын 42 хувийг үйл ажиллагааны, 32.6 хувь нь эрсдэлийн зардал эзэлж байна. Уг байгууллагуудын зээлийн хэмжээ бага учир нэг зээлд оногдох үйл ажиллагааны зардал өндөртэй байна гэж хариулж байлаа. Мөн тэрбээр хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөтэй. УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолд анх удаа Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг банк бус санхүүгийн байгууллагуудыг оруулж, зээлийн хүүг үе шаттайгаар буулгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашдаа банк бус байгууллагын засаглалыг сайжруулах, шүүх хяналтын байгууллагаар явах үйл ажиллагааны зардлыг бууруулах, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаснаар үйл ажиллагааны зардал буурна. Энэ хүрээнд зээлийн хүү буурна гэж тооцож байна гэлээ.

Мөн Ажлын хэсгийн зүгээс Хадгаламж зээлийн хоршоо гишүүдээсээ тодорхой хэмжээний хадгаламж татаад гишүүддээ чиглэсэн зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол банк бус санхүүгийн байгууллага зөвхөн өөрийн хөрөнгөөр бусдад зээл болон санхүүгийн үйл ажиллагаа үзүүлдгээрээ ялгаатай. Одоо банк бус санхүүгийн байгууллагын нийт олгож байгаа зээлийнх нь 67-68 хувь нь өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө. Үлдсэн 30 орчим хувь нь итгэлцэл, хаалттай өрийн бичиг болон бусад эх үүсвэрээс татсан хөрөнгөнөөс зээл олгож байна. Тиймээс өөрийн хөрөнгөөр зээл, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас хадгаламж зээлийн хоршооноос ялгаатай гэж байлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн