Энэтхэгийн Мумбай хотод хэсэг бүлэг хулгайч нар хинди сүмээс алтан бурхан, шашны бусад эд зүйлсийг нь хулгайлжээ. Гэвч тэд долоо хоногийн дараа хулгайлсан зарим эд зүйлсээ сүмийн гол хамбын гэрийн үүдэнд үлдээсэн аж.
Хайрцагт зурвас үлдээсэн байна. Үүн дээрээ тэд айдсаасаа болоод үнэт эдлэлийг буцаахаас өөр аргагүй болсон гэжээ. Учир нь тэд хулгай хийснээсээ хойш шөнө бүр хар дарж зүүдэлж хонодог болсон, тиймээс хийсэн үйлдэлдээ гэмшиж уучлалт хүсэж байна хэмээжээ.
“Бид тайван амарч, унтаж, идэж чадахаа больсон. Аймшигт хар дарсан зүүднээс залхаж байгаа учир үнэт эд зүйлсээ буцааж байна” гэж тэд бичжээ.
Тэдний буцаасан үзмэр дотор 5 килограмм жинтэй, 8 төрлийн үнэт металлаар цутгасан бурхны баримал, түүнчлэн бурхныг чимдэг үнэт мөнгөн чимэглэлүүд байсан тухай цагдаа нар мэдэгдсэн байна.
Хулгайч нарыг олоогүй ч хулгайлагдсан эд зүйлсийн зарим нь ирээгүй учир тэд тайван амгалан амьдарч чадахгүй, өөрсдөө шийтгэлээ амсах болно гэж цагдаа нар, сүмийнхэн үзжээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулагч: Марта