А.Адьяасүрэн: Допинг гэдэг нь өрсөлдөгчөө намнадаг, нутаг усаараа талцдаг, хагарлын үндэс болоод байгаа юм биш үү

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2022.05.18/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Допингийн шинжилгээг их спортын төрлөөр тэмцээнд оролцдог тамирчдаас л авдаг гэж ойлгодог. Жишээлбэл Японы үндэсний спортын тамирчид болох сумогийн тамирчдаас энэ шинжилгээг авдаггүй.
Гэтэл Монгол үндэсний бөх, харваачид допинг хэрэглэвэл дэлхийн допингийн эсрэг кодод заасан хэмжээгээр эрх хасах гэж заалт орсон байна. Ингэх зайлшгүй шаардлага юу байгаа юм. Допинг илэрлээ гэхээр бөхчүүд өөрсдөө эм хэрэглэж байсан гэж тайлбарлаж байгаа харагддаг. Тэгэхээр манайд худалдаж байгаа эмийн орц найрлага ямар байдаг юм. Шинжилж тогтоодог газар байна уу. Допинг гэдэг нь өрсөлдөгчөө намнадаг, нутаг усаараа талцдаг, хагарлын үндэс болоод байгаа юм биш үү” гэлээ.