УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намынхантайгаа хамтран, Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай “ШИНЭ хувьсгал” нэртэй номыг бичсэн билээ. Уг номын өмнөтгөл үгийг Ж.Батзандан бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ардчиллын 30 жилийн хугацаанд 17 Ерөнхий сайд засаглалаа. Ард түмэн үе үеийн Ерөнхий сайдуудаас хөгжил, хөгжил бас дахин хөгжил хүсэн хүлээлээ. Харамсалтай нь улс орноо хөгжүүлчих Ерөнхий сайд төрсөнгүй. Улс орноо хөгжүүлэх нь битгий хэл манай Ерөнхий сайдууд 30 жилийн хугацаанд, 5 дугаар цахилгаан станцаа барьчихаж чадахгүй дэндүү арчаагүй байлаа. Гэтэл Ю.Цэдэнбал дарга 33 жил засаглахдаа, Улаанбаатар хотод 4 том цахилгаан станц барьж, бусад аймаг хотыг оролцуулбал нийт 9 цахилгаан станц ашиглалтад өгч, Эрдэнэт, Багануур, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цемент, Арьс ширний үйлдвэрийн нэгтгэл, Мах комбинат, Био комбинат, Гурилын комбинат, Төмөр зам, Нисэх, Байшин үйлдвэрлэх дөрвөн комбинат, Авто комбинат, Авто засварын завод, БММЗЗ, Говь, Нэхмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр гээд 1400 том жижиг үйлдвэр байгуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур гээд 4 том хот босгож, 18 аймгийн төв, 700 сум суурин газрыг барьж бүтээжээ.
Чингис хаан маань 22 жил засаглахдаа Ази, Европыг бүхэлд нь байлдан дагуулж амжиж байлаа. 30 жилийн хугацаанд баялагтай орон яаж хөгжиж болдгийг Арабын Нэгдсэн Эмират Улс яруу тодоор харууллаа. 30 жилийн хугацаанд баялаггүй орон яаж хөгжиж болдгийг Сингапур Улс гайхалтай харуулж чадлаа.
Энэ талаас нь харвал 30 жил гэдэг бол маш урт хугацаа шүү. Гэтэл 30 жилийн хугацаанд Монголын 17 Ерөнхий сайд чинь яг юу хийсэн юм бэ? Цэдэнбал даргатай адилхан л Ерөнхий сайд байж тэд юу ч хийж чадсангүй. Зөвхөн социализмын барьж бүтээсэн бүхнийг идэж, завшиж, шамшигдууллаа.Тэгэхээр манай хөгжлийн гол гацаа, саад бол Ерөнхий сайддаа биш, харин улс төрийн системдээ байжээ. Монголын өнөөгийн төр засгийн систем нь дэлхийн системтэй таарч тохирч ажиллаж чадахгүй болчихож. Өөрөөр хэлбэл өнөөгийн социалист төр маань бусад улс орнуудын капиталист төр засагтай хамтран ажиллах нь битгий хэл олигтой ойлголцож ч чадахгүй болчихож. Харин социалист төр маань бусад социалист системийн 75 орны төр засагтай янзтай сайхан ойлголцож, төгс зохицон ажиллаж чаддаг байснаас, Монгол Улс асар хурдан хөгжил дэвшилд хүрч байжээ. Бүр “сэргэн мандалт” гэж нэрлэж болохоор, маш том үсрэлтийг социалист Монгол Улс хийж чадсан билээ. Гэтэл өнөөдөр социалист систем үгүй болж, бүх дэлхий капиталист харилцаанд шилжчихсэн байна. Бид дэлхийг өөрчилж чадахгүй.
Бид капиталист болчихсон 73 орныг буцаагаад, социалист улс болгож чадахгүй. Харин өөрсдийгөө бол өөрчилж чадна. Өөрсдийнхөө социалист хэвээр байгаа системийг өөрчилж, капиталист систем болгож чадна. Тиймээс дэлхийн улс төр, эдийн засгийн капиталист системд тааруулж, социалист төрийн систем болон социалист эдийн засгийн харилцаагаа засахаас аргагүй болжээ. Хэрэв бид улс төр, эдийн засгийн системээ засчихвал, маш хурдан сэргэн мандаж чадна. Монголчууд бид “Сэргэн мандалт” ярих хамгийн том эрхтэй, түүгээр зогсохгүй сэргэн мандах үүрэгтэй ард түмэн юмаа. Учир нь бид чинь аугаа том эзэнт гүрний гал голомтыг сахин суугаа, алтан ургийн үр хойч шүү дээ. Дэлхийн энгээр тархан суугаа Монгол үндэстэн бүхэн, та бидний сэргэн мандахыг хүлээж, хараа тавин, ханцуй дотроо залбирч суугаа шүү дээ. Харамсалтай нь одоогийн МАНАН-гийн төр засгийн удирдлагад социалист, дарангуйлагч төрийн машин ихэд таалагдаж байгаа бололтой. Яг л Хойд Солонгосын Ким Жон Унд социалист төрийн машин таалагдаж байгаа шиг. Уг нь Ким Жон Ун Швейцарьт хүүхэд насаа өнгөрүүлж, тэнд боловсрол олсон, капиталист нийгмийн бүтээгдэхүүн мөн. Тэгсэн атлаа, өөрийн улс орныг социалист хэвээр барьсаар байгаа нь үнэн харамсалтай. МАНАН-гийн удирдагчид ч бас АНУ-ын Харвардад боловсрол олсон мөртлөө, Монголоо социалист хэвээр барих хүсэлтэй байна. Системийн шинэчлэл, сэтгэлгээний хувьсгалыг МАНАН-гийн удирдагчид огт хийхгүй гэдэг нь тун тодорхой харагдана. Тэгэхээр Монголчууд бид өөрсдөө л системээ шинэчлэхээс аргагүй болжээ. Ард түмэн системийн шинэчлэл хийхийг “хувьсгал” гарлаа гэж үздэг. Харин хувьсгал маань улс төрийн систем, эдийн засгийн систем, эрх зүйн системийн цогц өөрчлөлтийг шаардаж байна.
Эдийн засгийн хувьсгал
2018 онд Али-Бабагийн үндэслэгч Жек Ма үнэхээр том мэдэгдэл хийсэн. Тэрээр “Манай компанийн санхүү бол жирийн компанийн санхүү биш, харин бүхэл бүтэн эдийн засаг юм” гэж хэлжээ. 2018 онд Али-Бабагийн нийт хөрөнгө 231 тэрбум ам.долларт хүрлээ. 2018 оны Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байлаа. Ганц компаниас Монголын эдийн засаг 23 дахин бага байна. Үнэхээр Али-Баба компанийн санхүү нь Монголын эдийн засгаас 23 дахин том байгаа юм чинь, “манай компанийн санхүү бол жирийн компанийн санхүү биш, бүхэл бүтэн улсын эдийн засагтай адилхан” гэж том дуугаралгүй яахав.
Харин ганц компанийн санхүүгээс 23 дахин бага байгаа Монголын эдийн засгийг компанийн санхүү гэж нэрлэх үү? Улсын эдийн засаг гэж нэрлэх үү?
Юу гэж нэрлэх нь хамаа алга. Ердөө л гутамшиг гэж нэрлэвэл зохино. 2018 онд Амазон компанийн нийт хөрөнгө 1 их наяд ам. долларын босго давлаа. 2021 онд Тесла компани их наяд ам.долларын босго давсан 5 дахь үндэстэн дамнасан корпорац болов. Их наяд доллар гэдэг бол Монголын эдийн засгаас 100 дахин том үзүүлэлт юм. Амазон компанийн захирал Жэф Безос салсан эхнэртээ 78,9 тэрбум ам.доллар өгсөн байна. Тэгэхлээр Монгол Улсын нийт эдийн засаг нь салсан эхнэрт оногдсон мөнгөнөөс 7 дахин бага байна гэсэн үг. Байзаарай? Бид чинь улс орноороо, бүхлээрээ, 3 саяулаа нийлээд, газар нутагтайгаа, байгалийн баялагтайгаа, үйлдвэр үйлчилгээтэйгээ нийлээд, салсан эхнэрт оногдсон мөнгөнөөс 7 дахин жижигхэн болчихсон гэж үү? Тиймээ тийм. Гутамшиг. Монголын эдийн засгаас том компани дэлхийгээр дүүрэн байна. Тоёоата, Самсунг, Бэнз, Форд, Бойнг, Жи Пи Морган, Гүүгл, Фэйсбүүк гээд S&Р Global-1200-д багтаж буй 1200 компани бүгд Монголын эдийн засгаас том байна. Тэр ч бүү хэл Монголын эдийн засгаас баян хувь хүмүүс ч хүртэл хэдэн зуугаараа байна. 2018 оны байдлаар, АНУ-д 671 тэрбумтан байна. Хятадад 342 тэрбумтан байна. Ер нь манай улс ядуу улс юм уу? Аль эсвэл баян улс юм уу? гэсэн асуулт тавиад харцгаая л даа. Тавантолгой 350 тэрбум ам.доллар, Оюу-Толгой 400 тэрбум ам.доллар, нийт ашигт малтмал 3 ихнаяд ам.доллар, төрийн өмчийн үйлдвэрүүд 350 тэрбум ам.доллар, нийт орон сууцны фонд 30 тэрбум ам.доллар, нэг га газрыг 1 сая доллароор үнэлж үзвэл, 1500 000 км2 газар нутаг маань 15 их наяд ам.доллар болно. Бүх газар нутагтаа нарийвчилсан хайгуул хийж чадвал, лавтайяа 30 их наяд долларын байгалийн баялаг гарч ирэх нь тодорхой. Энэ бүхнийг нийлүүлээд тооцож үзвэл, 3 сая иргэн бүрт 16 сая долларын үнэ бүхий капитал оногдож байгаа болохоор манай орон бол ядуу улс биш байх нь.
Харин албаар, төрийн хүчээр ард түмнээ ядуу байлгаж байгаа орон мөн. Ийм их капиталтай Монгол орон яагаад хөгждөггүй юм бэ? Яагаад Монголын эдийн засаг өсөж томрохгүй, 10-хан тэрбум доллароор хязгаарлагдаад байдаг юм бэ? Яагаад?
Яагаад Монголын эдийн засаг өөрийнхөө Тавантолгой гэх ганц ордоосоо 30 дахин жижигхэн болчихсон юм бэ? Яагаад Монголын эдийн засаг 28 жилийн турш хямарч, Олон Улсын Валютын Сангийн тогтворжуулах хөтөлбөрт 7 удаа хамрагдав? Яагаад Монгол Улс маш бага мөнгөтэй, иргэд нь огт хадгаламжгүй байхад инфляцад байнга нэрвэгдэнэ вэ? Яагаад Монгол Улс 5 дугаар цахилгаан станцаа барьж чадахгүй 30 жил болов? Яагаад бид эдийн засгийн бүх үзүүлэлтээр Африкчуудын дунд жагссаар байгаа юм бэ? Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засгийг ийм өрөвдөлтэй байдалд оруулсан улс төрчид сайн ажилласан уу? Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засгийг ингэтэл нь унагасан төр засагт бодлого байсан гэх үү? Төрийн эдийн засгийн бодлого гэдэг чинь тоо бодохыг хэлдэг юм шүү. Яагаад дэлхийн хамгийн баян орны иргэд байж, хамгийн ядуу амьдраад байна? Учир нь социалист эдийн засгийн философи тэр чигээрээ үргэлжилж байгаад оршино. Улсын бүх капитал төрийн өмчлөлд байх ёстой гэсэн социалист үзэл ноёрхож байгаа учраас бид ядуу байгаа юм. Газар, байгалийн баялаг, машинт үйлдвэрлэлийг төр өмчлөх ёстой гэсэн социалист философи хадгалагдаж байгаа учраас ард түмэн ядуу байгаа юм. Монгол Улсыг маш бага мөнгөтэй байлгах социалист инерц хадгалагдаж байгаа учраас иргэд ядуу байгаа юм. Боолчлогч, социалист татварын хуулиас болж иргэд ядуу байгаа юм. Цалингаас өөр арга замаар орлого ашиг олох боломжгүй социалист лагерьт хашигдаж байгаа учраас иргэд ядуу байгаа юм. Төрийн барьсан үйлдвэрт орж ажиллах ёстой гэсэн социалист сэтгэлгээ хэвээр хадгалагдаад байгаа учраас ард түмэн ядуу байгаа юм. Төр нь эдийн засгийн бүх эрх мэдлийг атгадаг социалист зарчим хэвээр байгаа учраас чөлөөт зах зээл бий болохгүй байгаа юм. Энэ бүх социалист онол, хандлагыг хувьсгалаар л халахаас өөр арга алга.
Улс төрийн хувьсгал
Улс төрийн системээ шинэчлэхгүйгээр албан тушаалтнуудаа хэд ч солиод нэмэр алга. Ерөнхий сайдыг хэд ч сольсон бид огт хөгжихгүй гэдэг нь тов тодорхой боллоо. Сонгуулийн хуулийг 5 удаа өөрчилж, УИХ-ын гишүүдийг түмэн жороор солиод ч огт нэмэр болсонгүй. Ерөнхийлөгчийг 6 удаа бүр 10 удаа солиод ч нэмэр болох шинж алга. Үүнийг л тогтолцооны хямрал гэдэг. Социалист төр маань капиталист нийгэмдээ огт таарч, тохирч ажиллаж чадахгүй байгаа учраас л тогтолцоо хямарч байгаа хэрэг. Бид төрийн тогтолцооны хямралд 30 жил гацсан байна. Улс төрийн нам төрийн дээр байгаа учраас манай төр социалист хэвээр байна. Социалист нэг танхимт парламент нь төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа учраас манай төр социалист хэвээр байна. Ерөнхий сайдын засаглал үргэлжилсээр байгаа учраас л манай төр социалист хэвээр байна. Хонгилын шүүх ажилласаар байгаа учраас манай шүүх социалист хэвээр байна. Дээд Шүүх нь төрийн 3 өндөрлөгийн нэг биш учраас Монгол Улс хуулийн засаглалд шилжиж чадахгүй байна. Коммунуудаар дамжуулан ард түмнээ дарангуйлж байгаа учраас манай төр коммунист хэвээр байна. Засаглал хуваарилах онол огт хэрэгжээгүй учраас манай төр социалист хэвээр байна. Энэ бүх социалист улс төрийн системийг зөвхөн хувьсгалаар засдаг. Тзгэхээр бидэнд улс төрийн хувьсгал хэрэгтэй байна. Социалист төрийн тогтолцоог эгнэгт халах хувьсгал бидэнд хэрэгтэй байна.
Эрх зүйн хувьсгал
Эрх зүйн системээ шинэчлэхгүйгээр хувьсгал огт хийгдэхгүй билээ. Учир нь Үндсэн хууль бол төр байгуулдаг гол хууль, ганц хууль мөн. Гэтэл манай Үндсэн хууль маань социалист хэвээр байгаа юм. Социалист Хойд Солонгосын Үндсэн хуультай 91,8 хувь ижилхэн зарчим агуулсан 1992 оны Үндсэн хуулийг ардчилсан хууль мөн гэж зүтгэсээр байгаа нь тун ухаангүй хэрэг болж байна. Манай Үндсэн хууль нь “Тунхаг Үндсэн хууль” хэвээр байгаа учраас бид социалист системд амьдарсаар байна. Манай Үндсэн хууль нь “Хууль биш Үндсэн хууль” учраас манай орон хуулийн засаглалтай улс орон болж чадахгүй байсаар байна. Манай Үндсэн хууль МАНАН дэглэмийг төрүүлсэн Үндсэн хууль учраас дарангуйлагч Үндсэн хууль мөн. Манай Үндсэн хууль нь улсын бүх капиталыг төрийн өмч байлгасаар байгаа учраас бид социализмд амьдарсаар байна. Манай Үндсэн хууль боолчлогч татварыг хэвээр хадгалсаар байгаа тул бид социализмд байна. Манай Үндсэн хуулийг Дээд Шүүх нь хэрэгжүүлэх эрх мэдэлгүй учраас бид социалист системд амьдарч байна. Энэ бүх социалист эрх зүйн систем, хандлагыг цоо шинэ Үндсэн хуулиар халахаас өөр арга байхгүй. Төрийн өмчийн системийг халж, хувийн өмчийн системийг төгөлдөржүүлэх цаг болжээ. Төрийн дээрээс улс төрийн намыг авч хаях цаг болжээ. Ерөнхий сайдын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглалаар халах цаг болжээ.
Нэг танхимт парламентыг 2 танхимт парламентаар халах цаг болжээ. Агентлагийн төвшинд ажиллаж байгаа Дээд Шүүхийг төрийн эрх мэдлийн оройд тавих цаг болжээ. Хонгилын шүүхийг тангарагтны шүүхээр солих цаг болжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг нам, төрийн савраас салгах цаг болжээ. Капитализмыг социализмаар халсан шиг, социализмыг капитализмаар халах цаг болжээ.
Ийм сэтгэл татам, гоо сайхан зорилтуудыг дэвшүүлэхээр Америкийг шүтэн бишрэгч гэж нэр хоч өгөх юм. Тиймээс бид энэхүү номдоо Япон, Австрали, Шинэ Зеландын тэргүүн туршлагыг өргөн ашиглахаас гадна энэ номын гарчиг бүрт Швейцарь, Люксембург, Норвеги, Сингапур дөрвийн жишээг зориуд иш татаж оруулахаар шийдсэн юм. Энэ дөрвөн орны хөгжин цэцэглэсэн жишээг өргөн ашиглах зорилго тавьсан нь хэд хэдэн шалтгаантай.
Нэгд: Эдгээр орнууд нь эдийн засгийн хөгжил, ардчилал, амьдралын стандартаар энэ дэлхийг тэргүүлж байна. Тиймээс яг энэ хөгжлийн өндөр төвшинд маш хурдан хүрэхийг хүссэн юм. Хоёрт: Эдгээр орнууд нь жижигхэн, цөөн хүн амтайгаараа Монгол Улстай их ойролцоо. Тиймээс тэдний туршлагыг шууд авч болно гэж үзсэн юм. Гуравт: Швейцарь, Люксембург хоёр далайд гарцгүй гэдгээрээ Монгол Улстай бүр адилхан. Эдний жишээгээр улс орноо маш хурдан хөгжүүлж, далайд гарцгүй болохоор хөгжиж чадахгүй байна гэж байнга гоншгонож байдаг, МАНАН-гийн сайд, дарга нарын амыг алгадах гэсэн юм. Дөрөвт: Швейцарь, Норвеги, Люксембург, Сингапурын төрийн зохион байгуулалтыг Чингис хааны төрийн зохион байгуулалттай харьцуулж харах боломжийг уншигч түмэндээ олгох үүднээс эдгээр орны жишээг өргөн оруулахаар шийдсэн юм. Түүнээс гадна Монгол Улс маань Швейцарь, Люксембург, Норвеги, Сингапур зэрэг орнуудтай харьцуулшгүй аугаа орон болохыг ахан дүүс минь ойлгож, өөрсдөдөө итгэж урам зориг нь бадраасай гэж хүссэн юм.
Бид өөрсдийн хүчээр Монгол Улсаа хөгжүүлж чадах юм байна гэсэн итгэл найдвартай болоосой гэж хүссэн юм. Тэднийг бодвол Монгол Улс маань газар нутаг, байгалийн баялаг, капиталын нөөц харьцуулшгүй ихтэй, энэ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, хэрэглэгч болох Хятад луу, Орос баавгайтай хил залган оршдог, Ази, Европ, Африк гурван тивийг холбосон “Торгоны замыг” бий болгож, хамгаалж, хөгжүүлж байсан гайхамшигт түүхтэй, өөрсдөө 4 их Гүрэн Улс байгуулж явсан бахархалтай, төрийн тогтолцооны арвин баян туршлагатай ард түмэн шүү дээ гэдгээ санаж, омог бардам болоосой гэж хүссэн юм. Аугаа түүхтэй орныг аугаа ирээдүй хүлээж байдаг жамтай. Энэ бүхнийг харьцуулж, асар том итгэл найдварыг ард түмэн минь өвөртлөөсэй гэж хүссэн учраас л дэлхийн хөгжлийг тэргүүлж байгаа 4 орны жишээг аль болох дэлгэрэнгүй авч үзэхийг хичээлээ. Халдвал хар халзандаа гэдэг шиг. Өрсөлдвөл өрсөлдсөн шиг өрсөлдөж, дэлхийн ноён оргил болж чадсан улс орнуудтай өрсөлдөцгөөе. Бид улс төрийн 9 хувьсгал, эдийн засгийн 9 хувьсгал хийх хүртлээ, өөрсдийн алдаа завхралуудаа засаж, залруулалгүй хуримтлуулсаар, улс орноо асар том хогийн тантан болгочихжээ. Үнэндээ ийм олон хувьсгал хийх шаардлага хуримтлагдана гэдэг бол манай төр засаг өөрөө өөрийгөө огт засварлаж байгаагүй гэдгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл манай төр засаг ард түмнийхээ үгийг сонсохоо байжээ. Ард Улс биш болжээ. Ардчилсан Улс биш болжээ л гэсэн үг. Тэгэхээр Монголд нэг биш, хоёр биш, 18 хувьсгал хийж байж л энэ их хоцрогдол, гутамшгаас бүрэн ангижирч чадах юм. Гэвч та бүхэн энэ номыг уншсанаар 18 хувьсгалыг бүгдийг нь өөртөө багтаасан ганц Үндсэн хуулийн хувьсгал хийж болохыг мэдэж авна.
Бүх хоцрогдлыг ганц Үндсэн хуулийн хувьсгалаар засаж чадахыг та бүхэнд нотлон харуулахын төлөө л энэ номыг бичиж байгаа юм. Мөн Үндсэн хуулийн хувьсгалыг маш хялбар арга замаар, маш энх тайванч байдлаар, маш богино хугацаанд, ямар ч бослого тэмцэлгүйгээр, ямар ч зэр зэвсэг хөдөлгөлгүйгээр, дусал ч цус, нулимс гаргалгүйгээр хийх арга замыг санал болгож байгаа юм. Энэ арга зам бол ард нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулиа батлах явдал мөн. Монголын хямрал бүхэн социалист төрийн машиныг устгаж чадалгүй өдий хүрч байгаатай холбоотой. МАНАН дэглэм өрсөж идэх, өндийн цохих, эрх мэдлээ хадгалах, сонгуульд ялагдахгүй байхаас өөр зүйл огт мэдэхээ больжээ. Парламентын мэлхийнүүд хоосон чалчиж, хоёр нүүр гаргахаас өөр зүйл хийж чадахгүй болжээ. МАНАН-гийн түшмэдийн арми бөгс долоох, ард түмнийг дээрэлхэх, идэж завшихаас өөр зүйл хийхээ больжээ. Нэг үгээр хэлэхэд МАНАН-гийн төрийн машиныг эвдэн устгаж, энэ ертөнцийн хөрснөөс арчин хаяхаас өөр аргагүй болжээ. Төрийн тогтолцооны хувьсгал хийхгүйгээр Монгол орон хөгжихгүй. Чингис хааны төрийн тогтолцоог сэргээхгүйгээр, ард түмний амьдрал сэргэхгүй. Капиталист тогтолцоонд шилжихгүйгээр хямрал, ажилгүйдэл, ядуурал, дампуурлаас гарахгүй. Яг өнөөдөр Монголын ард түмэн цоо шинэ хувьсгалд, хэзээ хэзээнээс илүү бэлэн болсон байна. Монголчууд бид нэгэнт ирж буй хувьсгалыг зөв чигт нь чиглүүлж чадахгүй бол Арабын орнууд шиг, тухайлбал Сири Улс шиг сүйрэх магадтай юм.
Өнөөдөр сүйрэн унаад буй Сири Улс чинь бидний ах дүү социалист орнуудын маань нэг шүү дээ. Хэрэв ирж буй хувьсгалыг зөв чиглүүлж чадвал, маш амархан МАНАН дэглэмийг унагаж, асар хурдан сэргэн мандаж болохоор байна. Цоо шинэ Үндсэн хууль батлаад л хувьсгалыг төгс ялалтад хүргэчхэж болно. Ард түмний санал асуулгаар шинэ Үндсэн хуулиа батлаад л хувьсгалыг төгс ялалтад хүргэчихэж болно.
Улс орон уруудаж, ард түмний амьдрал ахуй өдрөөс өдөрт ядууран доройтож байхад олигтойхон хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлт хийж чадаагүй болохоор Ж.Батзандан би буруутай.
Гурван ч удаа хувьсгал хийе гэж ард түмнээ уриалан дуудчихаад, хувьсгалынхаа мөн чанарыг ном, бүтээл болгон хэвлүүлж, ард түмэндээ тов тодорхой ойлголт өгч, иргэдийнхээ гарт төгс төгөлдөр итгэл найдвар атгуулах ёстой байсан ч би тэгж чадаагүй юм байна. Гэвч би алдаагаа олж харсан. Хувьсгалын үзэл санаа, хувьсгалт өөрчлөлт хийх голлох салбарууд, улс орноо хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөгөө ард түмэндээ эхлээд хүргэх ёстой байжээ. Хэдийгээр оройтож ухаарсан ч гэлээ энэхүү алдаагаа засаж, Шинэ намын залуустайгаа хамтран “Хувьсгал” номоо бичиж та бүхний гар дээр хүргэж байна.
20 жилийн туршид, бусдын төлөө өөрсдийгөө элээж явсны минь баталгаа, эх орон, газар шороо, тусгаар тогтнол, эрх чөлөө, ард түмнээ юу юунаас илүү хайрлаж байсны минь нотолгоо, үлдэх үрс минь үе үеэрээ бахархан дурсах хувьсгалт үйлс, бидний амьдрал үзэл санааны охь дарс болсон “Хувьсгал” ном минь та бүхний гар дээр очиж байна. Энэ номыг хамтран бичсэн анд найз, журмын нөхдөөрөө бахархаж байна. Энэ номыг гартаа барьж байгаа эрхэм Монгол хүн таныг гүнээ хүндэтгэж байна.
Эрхэм танд мэхийн ёсолсон Жалбасүрэнгийн БАТЗАНДАН