БНХАУ-ын иргэн, 55 настай Лян Шигийн шаргуу занд хэн бүхэн атаархмаар ажээ. Тэрбээр 40 жилийн турш Сычуаны их сургуульд элсэхээр зүтгэж байна. Энэ хугацаанд Ши 26 удаа улсын элсэлтийн шалгалт болох гаокао өгсөн боловч хүссэн оноогоо авч чадаагүй аж.
Гаокао гэдэг нь Монголын ЭЕШ-тай адилхан бөгөөд орчуулбал “өндөр шалгалт” гэсэн утгатай. Бүх Хятадын улсын элсэлтийн шалгалтыг анх 1952 онд авч байсан гэнэ. Харин 1966-1976 оны Соёлын хувьсгалын үеэр энэ шалгалтыг больсон ч дахин явуулж эхэлсэн байна.
Шалгалт зургаадугаар сарын эхээр 2-3 өдөр үргэлжилдэг. Оролцогчид хятад хэл, математик, гадаад хэл гэсэн 3 хичээлээр заавал шалгалт өгнө. Үлдсэн 7 хичээл болох физик, хими, биологи, технологи, түүх, газарзүй, улс төр судлал хичээлийг тодорхой их сургуульд тавигдах шаардлагаас хамааран сонгон өгнө.
Лян Ши өнгөрсөн жил дахин гаокао өгч, 403 оноо авсан байна. Гэтэл Сычуаны их сургуульд элсэхийн тулд 521 оноо авах шаардлагатай байсан аж. Гэвч хятад эр сэтгэлээр уналгүй дахиад оролдож үзэхээр төлөвлөж байна.
“Би одоо дөнгөж 55-тай, залуу хэвээрээ байна. Надад түүх, газар зүй үзэхэд асуудал байхгүй. Би мөрөөдлөө биелүүлэх хүртэл гаокао өгсөөр байх болно” гэдгээ weibo-гоороо мэдэгджээ.
Лян Ши анх 1983 онд элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй байна. Ингээд ахин дахин өгсөөр өдий хүрчээ. Нэг хэсэг гаокаог 25-аас доош насны, гэрлээгүй хүмүүс өгнө гэсэн журам үйлчилж байхад тэрбээр оролдлогоо зогсоохоос өөр аргагүй болсон байна. 2001 онд уг шаардлагыг цуцалсны дараа Лян Ши жил бүр шалгалтад орж байна.
Лян Ши өөрөө барилгын материал үйлдвэрлэдэг компанитай, муугүй орлоготой бөгөөд 16 сая гаруй хүн амтай Чэнду хотод сайхан амьдардаг. Гэвч хүүхэд насны мөрөөдлөө хаялгүйгээр, энэ онд ч тус их сургуулийн өөр факультетэд хүчээ үзэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан: Э.МАРТ