Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Долоо болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэж байна. Долоон нас гэдэг чинь сургууль ороод уншиж бичиж, тоо бодож сурах ёстой нас. Яагаад долоон нас гэж ядаж есөн нас байж болохгүй гэж. Тэр хүүхдүүд чинь ядаж баярын бичгээ өөрсдөө уншдаг байх ёстой биз дээ. Хүүхдийн эрхийн талаас судалсан гээд байсан долоон нас гээд заачихсан байна. Хүүхдийн суралцах эрхэд халдаж байна. Тиймээс хурдан морь унах хүүхдийн насыг ядаж найм болгоё.
Үүнээс гадна бөхчүүдийг аймаг, аймгаар нь гал болгодгийг болиулъя. Энэ бол Монголыг хувааж байна. Бөхчүүд, уяачид галаар хуваагддаг нь Үндэсний их баяр наадмыг наадам биш болгож байна. Тэр аймаг яллаа, түрүү авлаа гэдэг. Үүнээс болж иргэдийн нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь уурладаг. Энэ бол бодитоор байгаа зүйл. Монголын үндэсний баяр нь улс үндэстнээ хагалан бутаргасан, яс хаясан байдал социализмын үеэс бий болсон” гэв