Ямар хүүхдүүд бусдад дээрэлхүүлдэг вэ? Яагаад гадуурхалд өртдөг вэ?
Дуугүй, дотогшоо зан чанар нь бусадтай идэвхтэй харилцах шаардлагагүй өөрийн ертөнцдөө төвлөрсөн интроверт хүүхдийн шинж чанар байж болно. Харин гадуурхагддаг дээрэлхүүлдэг хүүхэд нь өөрийгөө хохирогч байдлаар мэдэрдэг учир хохирогч болдог.
Урьд нь хүчирхийлэлтэй тулгарч байсан, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадваргүй гэдгээ хүчтэй мэдэрсэн нөхцөлд орж байсан эсвэл хүүхдийн эргэн тойронд өөрийгөө хамгаалах чадваргүй томчууд байх тохиолдолд хүүхэд гадуурхалын бай болдог байна.
Гадуурхагддаг хүүхдийн гэр бүлд дараах шинж тэмдэг байж магадгүй.
Үүнд:
▪️Гэр бүлийн аль нэгэн гишүүн өөрт нь юу таалагдахгүй, юу шархлуулж байгааг илэрхийлдэггүй, хил хязгаар тавьдаггүй, өөрийг нь гомдоох, доромжлохыг “зөвшөөрдөг”, тэвчиж өөрийгөө хохирогч байдлаар авч явдаг.
▪️Хүүхэд төрөлхөөсөө маш мэдрэг, амархан сэтгэлээр унадаг, удаан тайвширч чаддаггүй, өөртөө итгэлгүй, хүчгүй шинж чанартай байх. Энэ тохиолдолд хүүхдийн хажууд дараах нөхцөл байдал өрнөдөг. Гэр бүлийн томчууд нь ийм “сул дорой, хөөрхий” хүүхдээ маш их анхаарч, өрөвдөж халамжилдаг. Үүнд атаархсан ах, эгч, дүү нар нь аав ээжийгээ хараагүй байхад өөрсдийн гомдлоо түүнд гаргаж “хариугаа авдаг”.
▪️Хүүхдийг эсвэл гэр бүлийн аль нэгэн гишүүнийг нөгөө гишүүн бие махбод, сэтгэл санаагаар дарамталдаг бол. Жишээ нь: хүүхэд хүчтэй, эрх мэдлэлтэй эцгийнхээ уур хилэнгийн өмнө өөрийгөө хамгаалах чадваргүй, боломжгүй байдаг.
▪️Дээрэлхэж байгаа хүүхдүүд нь маш хэрцгий байдаг нь тэдний ухамсарлах, өөрийн үйлдийг дүгнэх чадвар хөгжөөгүйтэй холбоотой ба хохирогч байдлаар биеэ авч яваа хүүхдийг дор нь таньж маш хурдан хүчирхийлэл, түрэмгийлэл, доромжлол үйлддэг. Үүний зэрэгцээ энэ хүүхдүүдийн үйлдэл нь ухамсаргүйгээр хохирогч хүүхдийг өөрийгөө хамгаалж чаддаг болоход чиглэдэг. Уур нь хүрээд эсвэл дэмжлэг аваад өөрийгөө хамгаалдаг. Энэ агшинд хохирогч хүүхэд өөрийн “хүндэт” суудлаасаа бууж, дээрэлхэгчдийн толгойд хохирогчийг ухамсаргүйгээр өдөх сэдэл нь алга болдог.
Сэтгэл зүйч Доктор Ирина Млодик
Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн