Даатгуулагч миний, чиний мөнгөөр орон сууц авч тансагласан хариуцлагыг ХЭН НЬ хүлээх вэ?
Эрүүл мэндийн даатгалын мөнгийг хадгалж байсан “Капитал” банк дампуурч, уг мөнгөөр барьсан орон сууцны хорооллыг төр хурааж авангуутаа ЭМДЕГ ажилчиддаа ипотекийн зээлээр өгчээ. Энэ бол ард түмэн болох таны миний ирээдүйд эрүүл мэнддээ зориулж, хадгалуулсан мөнгийг хууль бусаар зарцуулсан цэвэр албан тушаал, авлигын гэмт хэрэг юм. Учир нь бид Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар ажиллаж байгаа Нараа, Сараа гэсэн хэдхэн хүнийг орон сууцанд оруулах гэж сар бүр цалингаасаа болон сайн дураараа даатгал төлөөгүй шүү дээ.
Харин хулгай нь илрэнгүүт Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар бие биерүүгээ чихэж эхэллээ. Л. Бямбасүрэн Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу ажилчиддаа орон сууц өгсөн гэсэн боловч Үндэсний зөвлөлийн дарга Д.Дэмбэрэл нь “ Орон сууцуудыг дуудлага худалдаагаар зарж мөнгийг нь Эрүүл мэндийн даатгалын санд эргүүлж төвлөрүүл гэсэн. Яг ажилчиддаа өг гэсэн шийдвэр гараагүй ” гэж мэдэгдэв.
Эрүүл мэндийн даатгалын газар гэх бараг 3 хүн тутмын нэг нь дарга болсон байгууллагыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газраас салган бие даасан байгууллага байгуулж, улс төрчид долоогчид, цүнх баригчдаа шахсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний хадгалалт,зарцуулалтыг хянаж, төсөв орон тоог батлах үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын зөвлөл гэх энэ байгууллага яагаад ажлаа хийсэнгүй вэ гэсэн асуулт гарна. Ингэхэд даатгуулагч бидний өмнөөс ажиллана гэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гээчид томилогдсон боловч бидний даатгалын мөнгийг улс төрчдөд бэлэглэдэг, хуйвалдагчид энд бий болжээ. Тэдгээр гишүүдэд даатгуулагчид бид хяналт, шаардлага тавих нь бүү хэл бид тэднийгээ бараг таньдаггүй.
- Тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл
- Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар
- Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар
- Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү
- “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва нар ажилладаг ажээ.
Д.Дэмбэрэл гуай цалин авдаггүй гэж мэдэгдсэн ч дүрмээрээ Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам нэмэгдэл цалин олгодог ажээ. Л.Бямбасүрэн, Д.Дэмбэрэл хоёр аль аль нь олон нийтэд худлаа хэлжээ. Худал хэлэхээс гадна бүр орон сууцны бүхэл бүтэн хороолол “хулгай” хийсэн нь хэн бэ ? гэдгийг харах үлдэж байна.
1 comment
Албан тушаалаа ашигласан ЭМДЕГазрын дарга Бямбасүрэнд арга хэмжээ авах ёстой.