Монголын холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны аваргын төлөөх тулаан 13 дахь жилдээ болно.
Тус холбоо бие хамгаалах урлагийг хүүхэд залууст таниулах, уг спортын төрлөөр хичээллэх сонирхолд хөтлөх зорилгоор орон нутагт салбар зөвлөлөө ч нээжээ.
Дээрх холбооноос төрөн гарсан тамирчид холимог тулааны “One Championship” дэлхийн аваргын бүс, Ази номхон далайн орнуудын “Legend Fighting championship” аваргын бүсийг Монгол орондоо авч ирээд байгаа аж.
Энэ удаагийн “MGL-1 Fighting Championship” аваргын төлөөх тулаан энэ сарын 28-нд Баянхонгор аймгийн спорт хороонд зохион байгуулагдана. Оргил тулаанд энэ оны 70 кг жингийн аваргын бүсний төлөө гурван тулаан дараалан ялалт байгуулсан Баянхонгор аймгийн уугуул “Шандас мма”-ын тамирчин Т.Намнанбаяр, түүний өрсөлдөгч таван тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан Архангай аймгийн Чулуут сумын уугуул, “Мазаалай” төвийн тамирчин П.Содномдорж нарын хооронд болох аж.
Харин дэд оргил тулаан “Мастер тулаанч” реалити шоуны хоёрдугаар байрын шагналт, “Тогооч” хочит Ц.Баяржаргал, түүний өрсөлдөгч Завхан аймгийн уугуул “Шандас мма”-ын тамирчин Ч.Дагийсүрэн нарын хооронд болно. Мөн 61, 57 кг жингийн чансаа ахих зургаан тулаан хийгдэх нь ээ.
Эх сурвалж:MNB