Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн жил IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулахаар гэрээ байгуулсан билээ.
Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онд “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа Их Дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон юм. Тэмцээн ирэх зургаадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо STEPPE ARENA ордонд зохион байгуулагдана.
Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцох багаа Португалын шигшээ баг зарлалаа. Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жингийн Токио олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (2019, 2021), Европын наадмын мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальт Жорже Фонсека манай Их Дуулга тэмцээнд барилдахаар болжээ.
Жорже Фонсека бол жингийнхээ хамгийн том оддын нэг. Өнгөрсөн жилийн Токио олимпод бие халаалт дээр түүний хашгарах дуу танхим даяар цуурайтаж байлаа. Татами дээр барилдахаар гарахдаа ч тэр хашгарсан. Харамсалтай нь Өмнөд Солонгосын Чор Гу Хамтай барилдахдаа хуруугаа гэмтээгээд ялагдсан. Хэдий алтан медалийн төлөө Токиод очсон ч хүрэл медаль бас муугүй үзүүлэлт.
Учир нь тэр хорт хавдрыг даван гарсан хүн. Энэ талаараа Жорже judoinside.com сайтад ярилцлага өгөхдөө “2015 онд Риогийн олимпын өмнө зүүн өвдөг өвдөөд байхаар нь шинжилгээ хийлгэтэл хорт хавдар гэдэг байгаа. Огт итгээгүй, яагаад, яагаад гээд л асуугаад байлаа. Олимп ойртсон байсан болохоор би эмчээ аль болох хурдан эмчилж өгөөч гэж хүссэн. Эмнийхээ доозыг хоёр дахин нэмлээ. Химийн эмчилгээ хүнд байсан. Хоёр долоо хоног тутам химийн эмчилгээтэй. Риогийн олимпод оролцох мөрөөдлөө хорт хавдраар таслуулахгүй гэж их хичээсэн. Олимпдоо ч оролцсон. Энэ өвчин надад эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг ойлгуулсан юм. Миний амьдралын хамгийн хүнд үе. Яагаад би хорт хавдар тусав гээд л оноштойгоо эвлэрэхгүй, бодоод байж билээ. Гэхдээ би өвчинтэй тэмцэх хүч чадал олж авсан. Лиссабон хотын хорт хавдрын эмнэлэгт очтол маш олон бяцхан хүүхэд эдгэрэх гээд тэмцэж байх нь тэр. Тэд амьдрах гэж хичээж байсан. Энэ жаахан хүүхдүүдийг хараад бууж өгөхгүй гэж шийдсэн юм. Би өөрөө дөнгөж хүүхэдтэй болоод байлаа. Хүүгийнхээ төлөө амьдрах ёстой гээд л зүтгэсэн. Одоо би хайртай дуртай жүдогоо барилдаж байгаа нь тэр хүүхдүүдийн ач тус гэж боддог” гэж ярьж байв.
Эх сурвалж: MNB