Гавьяат агрономич, доктор Sc, профессор Б.Дорж, доктор Ph, дэд профессор Ж.Намбар нарын 2022 оны хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмжийг хүргэж байна.
Уур амьсгалын хувьсал өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тариалангийн технологийг цаг агаарын нөхцөлөөс салангид авч үзэж болохгүй нь улам тодорхой болсоор байна. Тариаланчид гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг, тэднийхээр гараа нь хаврын тариалалт юм. Манай орон өндөр уул нурууд, өргөн уудам хээр тал хосолсон нутагтай тул тариалангийн бүсүүдэд хөрс, уур амьсгалын нөхцөл эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд өөр өөр байдгаараа онцлогтой.
2022 оны хаврын тариалалт хөрс, цаг уурын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг тодорхойлох гурван гол үзүүлэлт байдгийн эхнийх нь хөрсөнд агуулагдаж буй угтвар чийгийн нөөц, хоёр дахь нь 5,6-р сард унах хур тунадасны хэмжээ, хуваарилалт хугацаа, гурав дахь нь үр суултын үеийн хөрсний дулаан юм. Энэ 3 хүчин зүйл нь зөвхөн тариалалт хийхэд харгалздаг гол үзүүлэлтүүд бөгөөд харин 7, 8-р сарын тунадас, дулаан, нарны цацраг, шим тэжээлийн хангамж тохиромжтой бол таримал цаашид өсөж хөгжихөд гол үүрэг гүйцэтгэдэг.
Иймээс бид Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн болон Оросын Холбооны Улсын ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс гаргасан дулааны улирлын цаг агаарын төлөв дээр тулгуурлан хаврын тариалалтад анхаарах зарим асуудлын талаар өөрсдийн санаа бодлыг тариаланчдын сонорт хүргэж байна.
Дээрх байгууллагуудын мэдээллээр энэ жилийн дулааны улиралд агаарын температур олон жилийн дунджаас их, унах тунадасны хэмжээ бага байх урьдчилсан төлөв гарсан нь хаврын тариалалт цаг уурын тааламжгүй нөхцөлд хийгдэхийг харуулж байна. Хөрсний угтвар чийгийг зуны бороотой залгуулах, өөрөөр хэлбэл 6-р сард бороо орох хүртэл буудайг ус чийгээр дутахгүй байх тийм нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үр болон талбайгаа бэлтгэх, сорт ба тарих хугацааг зөв сонгохоос эхлээд агротехникийн бүх ажил нь дээрх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой.
Энэ жилийн хувьд зайлшгүй харгалзвал зохих нэг зүйл бол агаарын температур болон салхины хурд 4-р сард нийт нутгаар их байгаа нь хөрсний чийгийг бууруулахад шууд нөлөөлөхөөр байна. Хөрсний угтвар чийгийн хэмжээ, цаг агаарын төлөв нь тариалангийн бүсүүдээр харилцан адилгүй, ялангуяа өнөө жилийн хувьд бүр ч их ялгаатай байна.
НЭГ. ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮС
Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд 5 дугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дундаж /ОЖД/–аас 1.5–2.0°C–аар дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй, харин нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим хур тунадас орох төлөв урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийгийн ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэй.
Тариалангийн төв бүсэд энэ хавар (өнгөрсөн намар газар хөлдөхөд байсан) чийгийн хэмжээ бүс дотроо бас харилцан адилгүй, Булган аймгийн Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зэлтэр, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Зүүнбүрэн, Дархан-Уулын Хонгорын 4,5-р бригадууд, Алтангадас орчмын талбай, Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэсант, Жаргалант; Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган; Орхоны Улаантолгойн уриншилсан талбайд чийг хангалттай, Сэлэнгийн Алтанбулаг, Орхон, Баянгол, Хушаат, Мандал, Дархан-Уулын Цайдмын талбайд дунд зэргийн чийгтэй; Булганы Хутаг, Тэшиг, Төв аймгийн Угтаал, Борнуурын уринштай талбайд чийг хангалтгүй байна.
Гуурстай талбайн хувьд хөрсний 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Зэлтэр, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-Уулын Хонгорын Алтангадас орчмын талбайнууд, Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэсант, Жаргаланнт, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган Орхоны Улаантолгойд хангалттай; Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баянгол,Хушаат, Мандал, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад болон Цайдмын талбайд дунд зэрэг; Булганы Хутаг, Тэшиг, Төв аймгийн Угтаал, Борнуурт хангалтгүй байна. Тариалангийн төв бүсэд олон жилийн дунджаар 5-р сард 20 мм, 6-р сард 50 мм, 7, 8-р саруудад 70-80 мм тунадас буудаг. Харин өнөө жил таван сард орох тунадасны хэмжээ тариалангийн төв бүсийн хойд хэсэгт буурах төлөв гарсан нь тухайлбал ОХУ-ын ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн мэдээтэй таарч бүр 30-50 хувь хүртэл буурна гэж тодорхойлжээ.
Угтвар чийгийн хэмжээ ийнхүү бүс дотроо мэдэгдэхүйц ялгаатай байгаагаар барахгүй нэг сумын бараг зэргэлдээ байрлалтай талбайнуудад харилцан адилгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Угтвар чийг хэчнээн хангалттай байсан ч буудайн ургалтад зарцуулагдсаар бутлалтаас хойш газрын дээрх масс нь ихсээд ирэх үед ус дутагдан ургамал гандаж эхэлдэг. Иймээс гандалт эхлэхээс өмнө угтвар чийгийг хадгалж анхны бороотой залгуулна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг нь тарих хугацаа, үрийн норм, үр суулгах гүн, сортын болц юм.
6 дугаар сарын агаарын дундаж температур төвийн бүс нутгаар ОЖД–ийн орчим, нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа нь хөрснөөс ууршиж алдагдах чийгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Тариалангийн төв бүсэд 5-6-7-р саруудад агаарын дундаж температур ОЖД-тай ойролцоо болон илүү халж, хур тунадас бага буух урьдчилсан төлөв гарсан нь буудайн түрүүлэлт хүртэлх хугацаанд угтвар чийг гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Хөрсний угтвар чийгийн хэмжээ чамлахааргүй нөөцтэй байгаа ч гагцхүү түүнийг оновчтой ашиглахын тулд уриншийн талбайд нэн даруй (хөрс 10 см хүртэл гэсэхээс өмнө) гадаргууг тэгшлэхийн хамт ачаатай бул явуулж хөрсийг нягтруулж өгвөл зохино. Харин тэгш гадаргуутай уринш ба гуурстай талбайд хөрсийг аль болохоор хөдөлгөхгүйг бодох хэрэгтэй. Хавар эрт дулаарч байгаа тул тарилтаас хориос доошгүй хоногийн өмнө хог ургамалтай талбайд зохих гербицидийг зөвлөсөн тунгаар цацах хэрэгтэй.
Тарихын өмнө үрийг нарлуулах, фракцлах, ариутгах ажлыг заавал хийнэ. Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй хамт азотын бордоог 20 кг-аас (үйлчлэх бодист шилжүүлснээр) багагүй хэмжээгээр хийж өгвөл сайн.
Тухайн бүс нутагт дасан зохицсон сортыг тариалахад нэмэгдэл зардал гаргахгүйгээр хөрс цаг уурын нөөцийг бүрэн ашиглаж таримлын ургацыг 25-30%, заримдаа 50% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.
Цаг агаарын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортуудыг тодорхой харьцаагаар тариалж сортын бүтцээ зөв тодорхойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац авах магадлалыг нэмэгдүүлдэг. Үрийн тариаланг үржил шим сайтай, технологийн дагуу элдэншүүлэгдсэн сайн чанарын уриншид тариалах чиглэл баримтална.
6-р сард унах тунадас нь сарынхаа 2-р хагаст багтаж ашигтай (1удаагийн оролтоор 5 мм-ээс дээш) хэмжээгээр орвол хөрсний угтвар чийг хангалттай юмуу дунд зэрэг хэмжээтэй байгаа газруудад 3.5 сая ширхэг, хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадалтай үрээр тухайн нутагт тариалах тохиромжтой хугацаанд тарина. Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325, Алтайская-75 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай. Чийг хангалтгүй, хог ургамалтай, ховил шан ихтэй, гадаргуу нь тэгш биш талбайг сийрүүлж тэгшлээд бул явуулж тарилтад сайтар бэлдсэний дараа цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж 6-р сарын 5 ны дотор үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлээд 3-5 см гүнд нэн эрт болцтой Халх гол-1 зэрэг сортыг тариална.
Хөрсний үржил шимийг дээшлүүлж ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр чанарыг нь сайжруулдаг үндсэн аргын нэг нь бордох технологи юм. Газар тариалангийн үндсэн хууль болох буцаан өгөх хуулийг бид тариалан эрхэлж байгаа сүүлийн жилүүдэд /1990 оноос хойш/ мөрдөж байгаагүйгээс хөрсний үржил шим ядууралд ороод байна. Иймд таримлын шим тэжээлийн шаардлага, хөрсний үржил шимийг харгалзан бордох технологийг газар тариалан эрхлэгчдийн баримтлах хууль болгон хэвшүүлье. Эрдэс бордооноос ( N20Р15 кг/га үйлчлэх бодисоор) гадна шим, бактерийн болон органик бордоонууд үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж тариаланчдын хүртээл болж байна.
ЭТС-д буурцагт ургамлууд болон өргөн мөрөөр таригддаг эрдэншиш, наранцэцэг зэрэг таримлыг оруулах, цулгуй уриншийг багасгах, ногоон бордоот уриншийн хэмжээг нэмэгдүүлэх замаар 3-5 сэлгээт ЭТС-ийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Буудайг үрийн тариаланд уринш- буудайн сэлгээнд тариална.
Таваарын үр тариа зонхилдог нутгуудад үр тариа уриншийн 3-5 талбайт дараахь ЭТС-ийг зөвлөж байна.
1. Цулгуй уринш –Буудай- Буудай
2. Цулгуй уринш –Рапс-Буудай
3. Цулгуй уринш-Буудай –ногоон бордоот уринш /вандуй+хошуу будаа/ -Буудай
4. Цулгуй уринш –Рапс-Тэжээлийн үр тариа –ногоон бордоот уринш -Буудай
5. Цулгуй уринш -Буудай -Эрдэнэшиш болон тэжээлийн үр тариа+ хошоон өвс -Ногоон бордоот уринш – Буудай эсвэл рапс-Тэжээлийн үр тариа
Монгол орны тариаланд зонхилон тархсан хүрэн хөрсний 10 хүртэлх см гүнд 100С-аас дээш дулаантай болсон үед тариалалтыг эхлүүлнэ. Оройтуулж тариалах шаардлага гарвал намар 9-10-р сарын цаг агаарыг харгалзах шаардлагатай.
Ямар хугацаанд тарихыг 6-р сарын цаг агаарын мэдээг харгалзана.Уг мэдээгээр 6 сарын 20-ны дотор бороо орохоор байвал чийг хангалттай талбайд 5-р сарын 5 – 15 –ны хооронд багтааж эхний ээлжид уриншид дараа нь гуурстай талбайд хамгийн сүүлд элсэрхэг хөрстэй талбайд тарина. Буудайн үрийн тариалалтыг 5-р сарын 10-15-ны хооронд сайн бэлдсэн чанартай уриншид тариална.
Хөрсний нөөц чийг хүрэлцээтэй байгаа талбайд нэг га-д 3.5 сая ширхэг, дунд юм уу хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадвартай үрээр таривал зохино. Тариалах хугацаа хойшлох тутам дулааралт ихсэж ууршилт нэмэгдэхийн хирээр үрийн норм багасах хандлагатайг анхаарах хэрэгтэй. Хөрсний чийг хангалттай талбайд 5-6 см, дунд юм уу хангалтгүй талбайд 7-8 см гүнд тарина. Хэдийгээр ургалтын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв таатай биш байгаа ч нэг удаа ахиухан хэмжээтэй (идэвхтэй) хур тунадас буувал өгөөж нь дээшлээд хэрэгцээгээ хангах түвшинд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Чийг хангалттай, ялангуяа уриншаас илүү чийг агуулж буй гуурстай талбайд тариалж болно гэхдээ л бүх шатныхаа ажлыг зохих шаардлагын түвшинд чанартай хийж гүйцэтгэх нь чухал.
Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна. Үүнд: Хос үрийн талт хог ургамлын эсрэг сонгомол үйлчилгээтэй Лорнетийг 0.16-0.46 л/га, Фенизаныг 0.14-0.20 л/га, Магнум, Алмазис, Зингерийг 8-10 л/га тунгаар, нэг наст үет хог ургамлын эсрэг Овсюген экспресс, Топикийг 0.4-0.6 л/га, Пумасупер гербицидийг 0.6-1.2 л/га тунгаар хэрэглэнэ.
Буудай, арвайн тоост болон хатуу харуу, үндэсний илжрэл, үрийн хөгц зэрэг өвчний эсрэг Скарлет, Тебутин зэрэг бодисыг зөвлөсөн тунгаар хэрэглэнэ.
Мөн гантай буюу гандуу жилүүдэд хортон шавж, өвчин гарах магадлалтайг анхаарах хэрэгтэй.Хортон гарсан тохиолдолд /царцаа, бөөс, бясаа/ хураалтаас нэг сарын өмнө Децис, 20%-ийн Сумицидин, 2.5%-ийн Кинмиксийг 0.3-0.4 л/га тунгаар, өвчин илэрвэл /гельминтоспориоз, септориоз/ 80%-ийн цинеб 0.2-0.4 л/га, Тилт 0.5 кг/га, Альто 0.1-0.2 л/га тунгаар тус тус шүршиж тэмцэнэ. Үр ариутгаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгааллын журмыг нарийн чанд сахих хэрэгтэй.
ХОЁР. ЗҮҮН БҮС
Манай орны тариалангийн хоёр дахь бүс буюу ирээдүйн үр тарианы үүц гэж тооцогддог энэ бүсэд ургац авах гол талбай-уриншид чийг тодорхойгүй, гэхдээ олон жилийн дундаж буюу 5-р сард 10-20 мм, 6-р сард 40-70 мм, 7-р сард 70-100 мм тунадас буух төлөвтэй байгаа нь ургац авахад нааштай нөхцөл бүрдэхийг харуулж байна. Төвийн бүстэй харьцуулахад дулааны улирал урттай учраас тарилтыг зуны тунадас угтуулж хийх боломжоор илүү юм. Харин цаг агаарын нөхцөлийг тухайн үед нь ашиглахгүй бол богинохон хугацаанд өөрчлөгдөж байхгүй болдог түр зуурын нөөц гэдгийг онцлон анхаарвал зохино.
Тарилтын өмнө хийх гол ажил нь төв бүстэй адил талбайг тэгшилж үрийг фракцлах, нарлуулах, ариутгахын зэрэгцээгээр хог ургамалтай тэмцэх шаардлагатай, тэгэхдээ хугацаа хүрэлцээтэй учраас хог ургамалтай гербицид шүршиж тэмцэх нь тохиромжтой.
Тарилтыг хог ургамал багатай талбайд суман хошуутай сошник бүхий үрлүүрээр 6 см-ээс илүүгүй гүнд 3 сая/га ширхэг нормоор шууд таривал зохино. Тариалах хугацааны хувьд зуны бороонд аль болохоор ойртуулж тухайн газар нутагт нутагшсан дунд болон дунд орой болцтой сортуудыг түлхүү тарих хэрэгтэй. Азотын бордоог үртэй хамт үйлчлэх бодист шилжүүлж тооцсон 60 кг/га нормоор хийж өгвөл сайн. Гуурстай талбайд тарих тохиолдолд талбайн гадаргуу дахь босоо ба хэвтээ байрлалтай сүрлийг багасгахаас аль болох зайлсхийж үрэлгээг шууд хийх нь зүйтэй. Тарьсны дараа талбайд тогтмол ажиглалт хийж шаардлагатай бол буудайн гол хатгалтаас бутлалтын шатанд хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд тохируулан гэрбицидээ сонгож шүрших хэрэгтэй. Мөн Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрөл бүрийн идэвхжүүлэгч бодисыг хамт хэрэглэх хэрэгтэй.
ГУРАВ. БАРУУН БҮС
Энэ бүсэд дээр үеэс усалгаатай тариалан хөгжүүлж ирсэн эртний уламжлалтай нутаг.Тэнд Увсын Баруунтуруунд дөчөөд мянган га, Завханы Тэс, Асгат сумуудын нутагт бага бага хэмжээний талбайд үр тариа, тэжээлийн ургамлыг бухар (усалгаагүй) нөхцөлд тарьдаг. Түрүүчийн хоёр бүстэй харьцуулахад хөрс уур амьсгалын таагүй нөхцөлд тариалан эрхэлдэг нутаг юм. Өнөө жилийн хувьд гуурстай талбайн хөрсний 0-20 см гүнд 17 мм, 0-50 см гүнд 35 мм байгаа нь хүрэлцээтэй хэмжээ биш юм.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4-р сарын сүүлчийн арав хоногт тунадастай, харин урьдчилсан төлөвөөр 5,6-р саруудад олон жилийн дундаж хэмжээнд буюу нийлбэр дүнгээрээ 30 мм чийг буух боловч 7-р сард багасах хандлагатай гарсан нь ОХУ-ын ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн урьдчилсан мэдээгээр батлагдаж байна. Өнгөрсөн оны энэ сард мөн л ийм нөхцөл бүрдсэн ч нэгж талбайгаас 10.1 центнер буудайн ургац хураан авсан нь орон нутгийн мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн технологио цаг агаарын нөөцтэй уялдуулж чадсаных биз.
Тарилтын өмнө талбайд болон тарилтын бэлтгэл ажил аль ч бүсэд ижил байдаг тул тэндээс харна уу. Баруун бүсийн онцлог бол хавар цас оройтож хайлдаг учраас хүйтэнгүй хоногийн тоогоор төв бүсээс хориод хоногоор илүү боловч тарилтын хугацааг нааш цааш нь татах боломж хязгаарлагдмал байдаг. Мөн буудайн эрт болцтой сортыг бага нормоор (2.0-2.5 сая/ га) тарьж үр хэмнэх боломжтой. Цас хайлсан даруйд тариалалт эхэлдэг болохоор үрийг 7-8 хүртэл гүн суулгах шаардлагагүй. Увсын Баруунтуруунд орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон услалтын бороожуулах систем байгуулсан нь цаашид их үр дүн өгөх ёстой. Ийм учраас тендер зарлаж байгаад ч гэсэн технологийг боловсронгуй болгох хэрэгтэй. Усалгаатай нөхцөлд ойн зурвас байгуулснаар зөвхөн тэндээ ч биш зэргэлдээ орших талбайнуудын ургацад бас эерэг нөлөө үзүүлдгийг гадаадын эрдэмтдийн судалгааны үр дүнгээр тогтоогджээ.
Газар тариалангийн салбарын эзэд, тариаланчид хөрсний үржил шимийг хамгаалсан, хөрсний чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн, байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологиор тариаланг хөтлөн явуулахаас гадна
Тариалангийн технологийн ажлыг зөвхөн мэргэжлийн агрономичийн удирдлага заавраар хэрэгжүүлэх,
Тарилтын өмнөх хөрсний чийг, 5-6-р сарын цаг уурын мэдээг харгалзан тариалах технологио талбай бүрээр тогтоож байх,
Чанарын шаардлага хангасан тэгшрэлт сайтай уриншид тариалах,
Нутагшсан сортын цэвэрлэж, дугаарлаж шинжилгээ хийлгэж стандартад тэнцсэн нарлуулж , ариутгал хийсэн үрээр тариалах,
Усалгаагүй тариалангийн үр тарианы /бууц, ногоон бордуур хэрэглэснээс бусад/ талбайн хөрсийг хагалж элдэншүүлэхээс бүрэн татгалзах,
Дараа жил нь уриншлах талбайг заавал сүрэл цацагчтай комбайнаар хурааж сүрлийг талбайд цацах,
Сүрэл цацсан болон уриншилсан талбайд мал оруулахгүй байх,
Механик элдэншүүлэлт хийсэн уриншийг намар сайн тэгшлээд дараа хавар нь аль болохоор хөдөлгөхгүй шууд тарих
Усалгаатай тариаланд эрчимжсэн нөхцөлийг сайн ашигладаг баталгаажсан /Цогт, Цагаан дэглий гэх мэт/сортын үртэй болох
Монголын тариаланд 3-4 жил тутмын 1-2 жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах нь ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал ургац авах боломж бүрэн бий.
Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нь ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч бид цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг өөрөөр хэлбэл тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.