Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ.
“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм.
Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.
Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой.
Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.
“Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.marathon.ulaanbaatar.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж буй. Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-нд дуусна.