Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд судалгаан дээр үндэслэн нэгэн мэдээлэл гаргажээ. Уг мэдээллээр, коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дор хаяж 10%-д нь жилийн дараа ч өвчний үр дагавар ажиглагддаг гэжээ.
Судалгаагаар коронавирус туссан хүмүүст ихэвчлэн булчингийн хүч алдагдал илэрдэг байна. Ийм шинж тэмдэг өвчтөнүүдийн 7,4%-д ажиглагджээ. Үүнчлэн өвчтөнүүдийн 4,4%-д амьсгалахад хүнд болох, 3,5%-д нойрмоглох шинж үлджээ.
Үүнээс гадна өвчтөнүүдийн 5,1%-д нь жилийн дараа уушгины янз бүрийн гэмтлийн түвшин илэрсэн байна. Судалгаанд 2020 оны есдүгээр сараас 2021 оны долоодугаар сарыг хүртэл коронавирусийн хүнд хэлбэрээр эмнэлэгт эмчлүүлж байсан 693 хүний мэдээллийг авч ашигласан аж.
“Хэдийгээр шинж тэмдэг илэрч байна гэх гомдолтой хүмүүс байдаг ч цаг хугацааны явцад энэ нь багасаж байна. Гэхдээ зарим өвчтөнд шинж тэмдэг үргэлжилсээр байдаг” хэмээн Японы эрүүл мэндийн яамны судалгааны багийн тэргүүн Акихито Иокояма мэдэгджээ.
Эх сурвалж: www.gazeta.ru
Орчуулсан Э.МАРТ