Аливаа шинжлэх ухааны нэр түүний судлах зүйл, үүрэг, үндсэн ухагдахуунуудынх нь мөн чанарыг илэрхийлсэн, олж тогтоож, онож өгсөн, зөв зүйтэй үг байх ёстой. Тэрхүү зөв үгийг өөр үгээр сольж холихгүй, оновчтой нэршүүлж, алдаа мадаггүй хэрэглэж хэвшүүлэх нь туйлаас чухал. Шинжлэх ухаанд чухам энэ зарчим үйлчилдэг. “Нэршил нь аливааг нэрлэсэн байдал, хэлж тогтсон нэр” гэж “Монгол хэлний их тайлбар толь”-д тодорхойлсон нь бий. Шинжлэх ухаан бүр судалдаг зүйлийнх нь тухай үндсэн ойлголтуудыг томьёолсон ухагдахуунуудтай.Ухагдахуун бүр тусгай нэртэй. Тэр нэрийг “нэр томьёо” гэдэг. Нэр томьёо нь ухагдахууны мөн чанарыг бүрэн илэрхийлэх дан болон нийлмэл бүтэцтэй, албан ёсны шинжтэй, заавал дагаж мөрдөх ёстой, тусгай тогтоосон үг байдаг. Шинжлэх ухааны өөрийн нь болон судалдаг зүйлийнх нь нэрийг дур зоргоор хэрэглэж үл болно. Гэтэл энэ зарчмыг эс баримталж, шинжлэх ухааны нэр, нэр томьёо, ухагдахууны тодорхойлолтыг буруу хэрэглэж байгаа тохиолдол цөөнгүй байна.
Нэг асуултад хариулагдаж, нэг утга илэрхийлж, хамт хэлэгдэн нэршиж хэвшсэн, утгын хийгээд бүтцийн нэгдэлтэй нийлмэл үгийг хамт бичих зөв бичгийн дүрэмтэй учир ёс суртахуун судалдаг шинжлэх ухааны нэрийг “ёсзүй” гэж бичих учиртай. Гоозүй, эрхзүй, газарзүй, залуурзүй, сэтгүүлзүй зэрэг шинжлэх ухаануудын нэрийг ч энэ дүрмээр бичнэ.
Ёсзүйн шинжлэх ухаан ёс суртахуун, гоозүйн шинжлэх ухаан гоо сайхан, сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэц судалдаг атал эдгээр шинжлэх ухааны болон судалдаг зүйлийн нэрсийг солих, ялгаж салгалгүй хоёуланг нэг дор хэрэглэх буруу үзэгдэл нийтлэг болж. Ёсзүй, ёс суртахуун хоёрыг нэг зүйл гэж ойлгогдохоор хэрэглэж байна. Аливаагийн нэрийг буруу хэрэглэх нь утга учрыг нь ухаарч ойлгоогүйг илтгэдэг. Гоозүй, гоо сайхан, сэтгэл судлал, сэтгэц хэмээх үгсийг хэрхэн хэрэглэх талаар дараагийн нийтлэлдээ өгүүлэх болно.
Монголчууд дээр, доргүй “ёсзүй” гэж мөн ч их ярих болсон, уг нь ёсзүйн тухай биш, ёс суртахууны тухай ингэж ярих ёстой. Учир нь ёс суртахуун нь хүн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаа, хандлагадаа баримтлах ёстой, Байгалийн хуульд суурилсан хүний ёсны зарчим, хэм хэмжээнүүд. Ёс суртахууны л тухай байнга ярьж, бичиж байх учиртай !!!
Ёсзүйг манайхан саяхнаас нэлээд түгээмэл болгон хөгжүүлж байгаа тул түүний ухагдахуунын тодорхойлолт, нэр томьёог төдийгүй нэрийг нь ч нэгмөр болгон хэрэглэж хэвшээгүй байна. Хүнд тавигддаг шаардлага болох ёс суртахууныг судалдаг шинжлэх ухааных нь нэрээр сольж, “ёсзүйтэй хүн”, “ёсзүйгүй улстөрч”, “төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээ” , “улстөрчийн ёсзүйн зөрчил” гэж буруу бичиж, ярьсаар. Ингэхийн оронд “ёс суртахуунтай хүн”, “ёс суртахуунгүй улстөрч”, “төрийн албан хаагчийн ёс суртахууны хэм хэмжээ”, “улстөрчийн ёс суртахууны зөрчил” хэмээн хэрэглэж хэвших шаардлагатай. Улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол хэмжүүр, үзүүлэлт нь ёс суртахуунтай иргэд.
“Ёс суртахуун үгүй болбол хүний нийгэм оршин тогтнож чадахгүйд хүрнэ” гэсэн ухаантны үг бий.
Ийм эрхэм зүйлээ буруу нэрлэх, андуу зөрүү ойлгох нь байж боломгүй явдал. Энэ алдааг нийтээрээ, улстөрчид, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн салбарынхан даруй засууштай.
“Ёсзүй” нь шинжлэх ухааны нэр. Ёсзүй философийн бүрэлдүүнд үүсэж бойжсон ч өнөө цагт бие даан хөгжиж байгаа шинжлэх ухаан. Ёсзүй хэрэглээний ёсзүй, мэргэжлийн ёсзүй зэрэг салбар шинжлэх ухаануудыг төрүүлсэн. Мэргэжлийн ёсзүй нь төрийн албаны ёсзүй, анагаахын ёсзүй, бизнесийн ёсзүй, сурган хүмүүжүүлэх ёсзүй болон бусад чиглэлээр хөгжиж буй. Харилцааны ёсзүй, гэр бүлийн ёсзүй, шашны ёсзүй, экологийн ёсзүй нь хэрэглээний ёсзүйн салбар шинжлэх ухаанууд.
“Ёсзүй” хэмээх шинжлэх ухааны нэр грекийн “этос” (ethos) гэсэн үгнээс эхтэй бөгөөд түүнийг оросоор “этика”, англиар “ethics” гэдэг. Ёсзүйн шинжлэх ухаан заадаг багш нарын бичсэн ном сурах бичгүүдэд ёсзүй, ёс суртахуун хоёрыг эс ялгасан, нэг зүйл мэтээр ойлгосон, хооронд нь хольж сольсон тохиолдол цөөнгүй. “Ёс” нь аливаа зүйлийн горим, журам, зайлшгүй зүй тогтол, “зүй” ньзөв, зүйтэй, онол, сургаал, багц, цогц, хоёр үг хамтдаа зайлшгүй мөрдөх зүй тогтолтой, зөв зүйтэй горим, журмуудын тухай онол сургаалын цогц гэсэн санааг илэрхийлдэг. Иймд монголчууд уг шинжлэх ухааны нэрийг тун онож өгсөн гэж дүгнэж болохоор.
Ёс суртахууныг оросоор мораль”, англиар “morals“ гэдэг. Ёс суртахуун нь ёсзүй биш гэдгийг сайтар ойлгох учиртай. Төрийн албан тушаалтан, улстөрч (Монгол Улсын ерөнхий сайдын Монголын багш нарын VII их хурал дээр хэлсэн үг, БСШУС-ны сайд асан Л.Гантөмөрийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага, №196), эрдэмтэн судлаач (ХСИС-ийн Эрхзүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор Ц.Батбаярын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага, №228), хэвлэл мэдээллийнхэн (“Өнөөдөр” сонины сурвалжлагч О.Оргилын “Хөндүүр сэдэв”-т бичсэн нийтлэл, №242, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Д.Саруулын ярилцлага, №196)-ийн гээд “ёс суртахуун”-ы талаарх буруу ойлголтын жишээг тоочоод барахгүй. Манай арай дөнгүүр боловсролтой хэдхэн хүн л ёс суртахууныг ёсзүй гэж ярихгүй байна.
Ёсзүйн шинжлэх ухааны нэр, нэр томьёонуудыг дараах байдлаар зөв хэрэглэх шаардлагатай байна. Үүнд:
-ёсзүйн суурь шинжлэх ухааны нэрийг “ёсзүй” (оросоор “этика”, англиар “ethics” гэдэг) гэж;
-ёсзүйн суурь шинжлэх ухааны судалдаг зүйлийг нь “ёс суртахуун” (оросоор “мораль”, англиар“moral” гэдэг) гэж;
-мэргэжлийн ёсзүйн шинжлэх ухаануудыг төрийн албаны ёсзүй, банкны ёсзүй, улс төрийн ёсзүй, сурган хүмүүжүүлэх ёсзүй гэж;
мэргэжлийн ёсзүйн шинжлэх ухаануудын судалдаг зүйлийг тухайн мэргэжил,байгууллага, алба, салбарын мэргэжилтний ёс суртахуун гэж,
тухайлбал: 1. мэргэжлээр: улстөрчийн ёс суртахуун, төрийн албан хаагчийн ёс суртахуун, банкны ажилтны ёс суртахуун; 2. байгууллагаар нь: төрийн, төрийн бус байгууллагынхны ёс суртахуун; 3. алба, салбараар нь: төрийн албаныхны ёс суртахуун, боловсролын, эрүүл мэндийн салбарынхны ёс суртахуун гэж;
-“ёсзүйн зөрчил”-ийг ёс суртахууны зөрчил, “ёсзүйн хэм хэмжээ”-г ёс суртахууны хэм хэмжээ гэж;
-ёс суртахууны шаардлагыг биелүүлдэг, тухайлбал: ёс суртахууны үндсэн ойлголтуудыг ойлгож ухаарсан, ёс суртахууны зарчмуудыг мөрддөг, ёс суртахууны хэм хэмжээнүүдийг сахидаг хүнийг ёс суртахуунтай хүн гэж;
Ёс суртахууны талаар зөв ойлголттой, ач холбогдлыг нь ухаарсанхүнховор байна, зөв ойлгох, хэрэглэхийг хүсэхгүй хүмүүс ч бий. Бидний боловсруулсан “УИХ-ын гишүүнийёс суртахууны дүрмийн төсөл”-өөс цөөнгүй заалтыг өөрсдийн батлан мөрдөж буй дүрэмдээ тусгасан хэрнээ “ёсзүй” гэсэн шинжлэх ухааны нэрийг “ёс суртахуун” болгон өөрчлөлгүй, хэвээр нь үлдээсэн нь тул ийм хүмүүсийн тоонд “Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороо”-ны дарга, зарим гишүүнийг оруулж болохоор. Ёс суртахууны тухай зөв ойлгож ухаарахгүйгээр ёс суртахуунтай болжчадахгүй.Ёс суртахуун гэж чухам юу болохыг дараах байдлаар ойлгууштай.
1. Ёс суртахуун – зохист хэм хэмжээ. Зохист хэм хэмжээ бол дундаж хэм хэмжээ юм. Хэмжээ хэтэрвэл хамгийн сайхан зүйл ч муухай болдог. Баримтлах хэм хэмжээг хүн ухаанаараа тохируулна. Эм, хоол хэтэрвэл өвчин, зугаа цэнгэл, хөрөнгө чинээ хэтэрвэл зовлон, ажил хэтэрвэл ядаргаа, амралт хэтэрвэл залхуу, үг хэтэрвэл үглээ болдог. Аливааг хэтрүүлэхгүй, дутаахгүй байж дундаж хэмжээг барина. Арвич хямгач нь харамч, үрэлгэн хоёрын, найрсаг зан долигонох, дайсагнах хоёрын дундаж. Өөрт таагүй санагдсан, өөрөө хүсдэггүй зүйлийг бусдад учруулахгүй байх нь зохист хэм хэмжээг барих гол арга юм. Бусдад саад учруулахгүй, бусдад муу муухайг хийхгүй, гомдоохгүй, зовоохгүй байх нь ёс суртахуунтай хүний шинж. Ёс суртахуун нь хүн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаа, хандлагадаа баримтлах ёстой зохист хэм хэмжээнүүдийн цогц.
2. Ёс суртахуун – хөгжил дэвшлийн үндэс, үзүүлэлт, хэмжүүр. Ёс суртахууны ачаар хүн сэтгэлийн эрхэм сайн чанаруудыг өөртөө бий болгодог тул ёс суртахуун хүний хөгжил дэвшлийн үндэс болдог. Ёс суртахуун түүнчлэн хүний хөгжил дэвшлийн гол үзүүлэлт, хэмжүүр. Мэдлэг, мэргэжилтэй хүн ёс суртахуунтай болсноор нийгэмд илүү их ач тус хүргэдэг. Өндөр мэдлэгтэй гэгдэгчид бурууг, мууг хийцгээж л байдаг. Үүний гол шалтгаан ёс суртахуунгүй байгаа явдал. Ёс суртахуунгүй мэдлэгийг ишгүй хутгатай адил гэдэг. Сүүлийн үедийм хүн олширсоор. Аль болох олон хүн ёс суртахуунтай болж байж нийгэмд шударга ёс тогтооно.
3. Ёс суртахуун – зан суртахууны эх сурвалж. Зан суртахуун гэдэг үгийн утга учрыг дараах байдлаар тайлбарлаж болох. Үүнд: 1. зан нь хүний аашлах төрх байдал, 2. суртахуун нь сурч мөрдвөл зохих ёс, 3. хоёр үг хамтдаа: сурч мөрдвөл зохих ёсонд хүний аашлах төрх байдал нийцэн тохирох явдал. Хүний аашлах төрх байдал ёс суртахууны шаардлагад нийцэн тохирч байж зан суртахууны эерэг шинжүүд төлөвшинө. Аашлахтөрх байдлыг :1. хүний төрөлх шинж болох зан араншин, 2. олдмол шинж болох зан төлөв илэрхийлдэг. Зан араншин, зан төлөв хоёрыг хамтад нь зан чанар гэнэ. Хүнд зан чанарын эерэг, сөрөг шинжийн аль аль нь байдаг. Сөрөг шинж олонтой хүн ёс суртахуунтай болох нь амар хялбар биш. Ёс суртахуун нийт хүн төрөлхтнийх бол зан суртахуун хувь хүнд хамаатай зүйл. Хүний зан суртахууныг өөр хэн ч бий болгохгүй, зан суртахууны цорын ганц зохиогч нь хүн өөрөө. Зан чанараа ёс суртахууны шаардлагуудад нийцүүлэх замаар зан суртахууны эерэг шинжүүд бий болгож, зан суртахуунаа зөв бүтээнэ. Ийнхүү ёс суртахуун хувь хүний зан суртахууны эх сурвалж болдог.
Монголчууд ёсзүйн шинжлэх ухааны нэр “этика”-ийг “ёсзүй”, судалдаг зүйлс болох “мораль” -ийг “ёс суртахуун”, нравственность”-ийг “зан суртахуун” гэж, түүнчлэн бусад олон нэр томьёог орос хэл дээрх ном сурах бичгээс авч, орчуулан хэрэглэсэн байдаг.
Оросууд зан суртахууныг “нравственность” гэж нэрлэн “ёс суртахуун”-аас ялган тодорхойлсон бол англи хэлэнд уг хоёр ухагдахууныг “morals” хэмээх ганц үгээр илэрхийлдэг аж. Мөн англи хэлэнд “ethics“ (ёсзүй),“morals“ (ёс суртахуун) хэмээх хоёр үгийг утга агуулга, зориулалтын хувьд төдийлөн ялгахгүй, ижил утга агуулгатай үгс мэтээр хэрэглэх нь олонтоо аж. Чухам энэ явдал эдгээр үгийг монголчууд буруу хэрэглэхэд нөлөөлсөн байж мэдэх юм. Төрийн албанд “мерит” зарчим нэвтрүүлэхээр шийдсэн, Монгол Улсын Үндсэн хуульд төрийн хүний ёс суртахуунтай болгох, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх талаар идэвхтэй ярьдаг, хэлэлцдэг болжбайгаа учир мэргэжлийн ёсзүйн шинжлэх ухаануудаас төрийн албаны ёсзүйн шинжлэх ухаан, түүний судалдаг зүйл болох төрийн албан хаагчийн ёс суртахууны тухай хөндөе.
Банзрагчийн Оюунчимэг