Японы засгийн газар ирэх сараас эхлэн гаднын жуулчдад хилээ үе шаттайгаар нээхээр хэлэлцэж байна. Японы ерөнхий сайд Кишида Британид хийсэн айлчлалынхаа үеэр “Ковид-19” цар тахлын эсрэг хилийн хяналтыг 7-гийн бүлгийн улс орнуудтай ижил түвшинд сулруулна гэдгээ мэдэгдсэн юм.
Одоогоор цар тахлын халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа учир Японы холбогдох яам, агентлагууд цар тахлын эсрэг хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газар нь хилээ бүрэн нээхээс өмнө тодорхой улс орнуудаас туршилтын журмаар цөөн тооны бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлж магадгүй юм байна. Японы холбогдох яамд, газрууд хил нээснээр халдварын шинэ тохиолдлын тоог өсгөхгүйн тулд Японд болон хилийн чанадад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд сайтар үнэлгээ хийж байгаа юм байна.
Япон улс өнгөрсөн оны сүүлээр гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон нь хэт хатуу арга хэмжээ байсан гэж дотооддоо төдийгүй олон улсын түвшинд шүүмжлэлд өртсөн. Үүнээс хойш тус улсын засгийн газар холбогдох дүрэм журмаа үе шаттайгаар сулруулж, одоогоор өдөрт 10 мянга хүртэлх хүнийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөд байна.
Зорчихыг зөвшөөрсөн иргэдийн хувьд бизнес эрхлэгч, техникийн дадлагажигч, оюутнуудаар хязгаарлагдаж байгаа, харин гадаадын жуулчдыг хүлээн авахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Цар тахлаас өмнө Японы засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгаа өсгөх хөдлөгч хүч болгох бодлого барьж, 2020 онд гэхэд 40 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж байжээ.
Эх сурвалж:MNB. Moнголын мэдээ