Эрчим хүчний яамнаас хувийн хэвшлийн компаниудын төлөөллийг оролцуулсан ээлжит уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлийг ярилцжээ.
Хувийн хэвшлийн 27 үйлдвэр, компанийн төлөөлөл уулзалтад оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уулзалтыг нээж “Улсын хэмжээнд эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн паркууд байгуулах, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, ажлын байр бий болгох цаашлаад хот, суурин газруудын шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний салбар онцгой үүрэгтэй. Хэдийгээр хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болтлоо санхүү, технологийн хүндрэлтэй нөхцөлд орсон ч эрчим хүчний салбар өнөөдрийг хүртэл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирснийг онцлохыг хүсэж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд эрчим хүчний салбар хүнд байсан. Засгийн газраас гадаад, дотоодын боломжит эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулж ажилласны үр дүнд эрчим хүчний өнөөгийн эрэлтийг хангах боломжийг бүрдүүлж чадсан” гэв.
Эрчим хүчний хөгжлийн төслүүдэд одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх 6, шинэ эх үүсвэр барих 5, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж Монгол улсын нэгдсэн сүлжээ үүсгэх 7 төсөл арга хэмжээ тус тус төлөвлөжээ.
Мөн дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал хоёр, цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Нийт 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ойлголцол илүү нягт байх ёстойг хувийн хэвшлийнхэн хэлж, ажлын олдоц буурах хэрээр үйлдвэр, компаниудын нөхцөл хүндэрсэн талаар учирлалаа хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээлэв.