Монгол Улсын иргэн Малайзад амиа алдаад 16 жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдэхгүй өнөөг хүрлээ. Энэ хугацаанд талийгаач Ш.Алтантуяагийн аав уйгагүй тэмцэж, хөөцөлдсөөр байгаа юм. Охиныхоо төлөө амьдралаа зориулж яваа С.Шаарийбуутай ярилцлаа.
-Та нэлээн удаан хугацаанд хэвлэлд ярьсангүй. Сүүлд хэд хэдэн удаа холбогдоход Гадаад харилцааны яаман дээр онлайн хуралтай гэж байсан. Хэр ахицтай байна вэ?
-Миний охин амьд сэрүүн байсан бол өнөөдөр /өчигдөр/ 45 нас хүрэх байв. Хүн чинь их мартамхай амьтан. Магадгүй хүмүүс энэ хэргийг мартсан байх. Тиймээс сануулахыг хүсч байна. Мартаж болохгүй зүйл гэж байдаг. Харамсалтай нь хэргийн үйл явц анх л 2006 онд ямар байсан яг тэр байран дээрээ л байгаа. Нэг яг байдлаараа 16 жил боллоо. Үүний төлөө би л дуугарч хөөцөлдөхгүй бол миний өмнөөс хэн ч уйлж, дуулж өгөхгүй шүү дээ. Арга ч үгүй. Миний зовлон хэнд хамаатай гэж. 16 жил тэмцэхдээ нэг зүйлийг маш сайн ойлголоо. Хууль гэдэг хаана ч ялгаа алга гэдгийг биеэрээ мэдэрч, туулж явна. Хэчнээн хөгжсөн, барууны, ардчилсан улс байсан ч ялгаагүй. Гагц мөнгө, өнгө, эрх мэдэлд л захирагддаг, үйлчилдэг юм байна. Ганцхан Монгол Улсад хууль завхраад байгаа юм биш. Дэлхий нийтэд хэвшил болсон байна. Ядарсан нэгэнд хатуу. Задарсан хүндээ хууль шиг амархан, зөөлөн юм. Тэнгэрийн хүмүүстээ тэтгэлэг л юм байна.
-16 жил гэдэг багагүй хугацаа. Яг юу нөлөөлөөд байна вэ?
-Том хэрэгт томчууд л оролцдог юм. Энэ хэрэг бол 20 гаруй жил Малайзын Засгийн эрхийг барьсан Ерөнхий сайд Нажибын даалгавраар Батлан хамгаалах яамны орлогч сайдын тушаалаар гүйцэтгэсэн. Аливаа хэрэг эзэнгүй байна гэж үгүй. Тэр тусмаа улс төрийн оролцоотой томоохон хэрэг захиалагчтай байх нь гарцаагүй. 16 жилийн хугацаанд захиалагчийн асуудал л хоолой дээр тээглэчихээд байгаа юм. Даалгавар өгсөн, гүйцэтгэсэн хүмүүс нь ойлгомжтой. Захиалагчид эрх мэдэл, хөрөнгө мөнгө, өндөр албан тушаал байна. Тэр захиалагчид Монголын тал нөлөөлсөн байдаг юм.
Малайзын хууль шүүхийн хэргийн захиалагчийг олж тогтоогоод шүүе гэхээр Монголын томчууд оролцож албан бланк дээр бичиг бичээд өгчихсөн байдаг. Захиалагчаар тогтоогдоод байгаа этгээдийг хилсдүүлж болохгүй шүү гэдэг юм. Ингэж л 16 жил өнгөрлөө.
-Захиалагчийг буруутгаж чадахгүй байлаа гэхэд хэргийг үйлдсэн хүмүүс яагаад шийтгэлээ хүлээхгүй байна вэ?
-Шүүхээс цагдаагийн хоёр офицерт цаазын ял ногдуулаад яг шийтгэх гэж байтал Монголын бас нэг дарга Малайзад давхиж очоод Малайз, Монгол хүмүүстэй холбогдсон хэрэг дээр цаазын ял сонсгохгүй байхыг хүсье. Тэр ч бүү хэл хөнгөн ял оноож өгөөч гэсэн мэдэгдэл хийсэн. Бүр олон улсын хурал дээр хийсэн юм шүү. Ингээд л хүний амь хөнөөсөн хоёр офицерыг манай улсын хүсэлтийн дагуу суллачихсан. Өөрөөр хэлбэл, захиалагчийг аль эрт тодруулаад асуудлыг нэг тийш нь болгох хугацаа болчихоод байтал Монголын талаас гацаачихдаг. Энэ бүр аль эрт л эхэлсэн. Үе үеийн төрийн тодорхой эрх мэдэлтэй хүмүүс оролцсон. Төрийн удирдлагуудын ихэнх л их бага хэмжээгээр хошуу дүрсэн дээ.
Малайз болоод тагнуулын байгууллагад хүсэлт тавьж шалгуулахад бүгд л хэлдэг юм. Үүний цаана авлига, мөнгө төгрөг явж байна л гэж харж байгаа. Угаасаа ч ойлгомжтой. Хэрэгтнүүд одоо болтол эрх чөлөөтэй явж байгаа. Суллагдсан хоёр цагдаагийн нэг нь Австрали руу гарсан, нөгөөх нь Малайзад байгаа. Австрали цаазын ял авсан хүмүүсийг өршөөдөг улс шүү дээ. Малайзад байгаа цагдаа нь ямар хүний даалгавар, тушаалаар гэмт хэрэг үйлдсэн гэдгээ илчилж, бүгдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч би ганцаараа хэрэг үүрч цаазын ял эдлэхгүй гэдэг. Гэтэл манай улс Малайзын талд иргэнийхээ төлөө хүчтэй дуугарч чадахгүй байна. Хүчтэй ч биш огт дуугарахгүй байгаа.
-Энэ олон жил өнгөрч байхад хэрэгт нөлөөлөөд байгаа хүмүүсийн нэрийг яагаад зарладаггүй юм бэ. Зарлаад ч болсон хэрэгт ахиц гаргах хэрэгтэй биш үү?
-Аливаад цаг хугацаа гэж бий. Хоёрдугаарт, өөртөө дайсан бэлдмээргүй байгаа. Тэр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг нэрлэчихээр миний хөөцөлдөж байгаа ажил улам бүр бүтэлгүйтнэ. Малайзын тал руу энэ өвгөний хэргийг битгий шийд, шууд хаа, 100 жил ч хамаагүй байж байг гэж хэлнэ. Ер олигтой юм болохгүй. Гэхдээ холбогдох байгууллагууд хэн ямар бичиг явуулсан бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Надад бол нэрлээд хэрэггүй гэсэн хандлага өгдөг. Тэгээд л би юмыг яаж мэдэх вэ. Энэ хэрэг шийдэгдэх байх гэж хүлээж хөөцөлдсөөр өдий хүрлээ. Хэдэн хүний нэр заалаа гээд улам бүр бүтэлгүйтэх вий. Олон жилийн хөдөлмөр зүтгэл минь үгүй болох байх гэж боддог. Цаг нь ирнэ байх. Танай сонинг уншиж байгаа бол тэр хүмүүс нь өөрсдийгөө мэдэж байгаа. Гэхдээ тэд нар одоохондоо цасан дор нуугдаад байж байг. Хавар цас ханзарна. Тэдний нуугдаж байгаа цас бол зүгээр л түр хугацааны халхавч юм. Цас хэзээ ч хамгаалахгүй юм даа.
-Гэхдээ төрийн өндөрлөгүүдээс хэд хэдэн удаа захидал явуулсан шүү дээ. Үр дүнд хүрсэн нь юу юм гэхээс?
-Хааяа нэг захидал, бичиг явуулдаг л байсан. Ёс төдий бичиг бол хэн нэгний ширээний шүүгээнд хэвтэж байгаад л дарагдана. Нэг удаа Ерөнхий сайд захидал бичсэн юм. Гэтэл захидал очсоны дараагийн сард нь Малайзын Ерөнхий сайд солигдсон. Ингээд л дууссан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Австралид олон улсын хуралд очихдоо Малайзын парламентын дэд даргатай уулзаад “Асуудлыг нэг тийш нь шийдвэл яасан юм” гээд хоёр улсын парламентын хамтарсан комисс томилохоор ярилцсан юм. Түүнээс хойш 2-3 жил өнгөрсөн ч чимээгүй л байна. Нэг удаа Төрийн ордонд болсон шүгэл үлээгчийн хурлын үеэр Г.Занданшатар дарга парламентын хамтарсан комиссын асуудал юу болсон бэ гэхэд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс нэг ч хүн дуугараагүй. Ийм л байна.
Гэтэл Монгол Улсын иргэнтэй холбоотой ноцтой хэрэг үйлдсэн хүн Австралид тусгай хангамжтай явж байхад юу ч хэлдэггүй. Ганц ч үг дуугаралгүй олон жил болж байна. Үнэхээр гайхаш тасарч байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам “Таны эрхийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам оролцох боломжгүй” гэсэн бичиг хийж өгсөн. Эрх зүйн гэрээгүй гэнэ. ХЭҮК-т хандахад “Гадаадад болсон иргэдийн асуудалд Монголын ХЭҮК үйл ажиллагаа явуулах журам байхгүй” гэсэн бичиг хийгээд тамга дарж өглөө. Тэгэхээр гадаадад байгаа Монгол Улсын хэдэн мянган иргэн эрхээ хамгаалуулах боломжгүй. Хэн ч өмгөөлж, хамгаалахгүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэхгүй. Уг нь төрөхөөс эхлээд хорвоогоос буцах хүртэл эх орон нь хариуцна гээд иргэний үнэмлэх өгдөг биз дээ. Энэ мэтээр сүүлдээ бичиг цуглуулдаг л ажилтай боллоо.
-Хамгийн сүүлд болсон онлайн хурлаас үр дүн гарав уу?
-Гэрч дуудах л онлайн хурал болсон. Тэр хурлаар намайг 70 гаруй гэрч дуудаж өг гэсэн. Монгол, АНУ, Малайзаас гээд. Тэр бүх гэрчийн мөнгийг би төлдөг. Өдрийн ажил, онгоцны зардал, буудал, хоол, такси унааны мөнгийг төлдөг. Ийм байдлаар тэр олон хүний зардлыг зээл аваад л төлөөд байгаа. Өөрт байсан бүх зүйлээ зараад дууссан хүн өөр яах билээ. Азгүй хүн. Хохь нь л биз дээ. Хэндээ хаашаа хандах вэ. Ямар талбай дээр зогсоод мөнгө гуйлтай биш. Яахав намайг зогсч байвал эрх биш өрөвдөөд туслах л байх. Арай ч тэгэж зогсч болохгүй гэж бодох. Улсын нэр нүүр, хийж явсан ажил албаны нэр хүнд байна. Яаж ийгээд аргалаад ард нь гарья л гэж бодож байна. Шүүх хурлыг хойшлуулсаар л байгаа. Товлосон ёсоор бол өчигдөр болж байх ёстой. Зургадугаар сарын 5-6-нд болгож хойшлууллаа. Нэг дарга нь нөлөөлдөг биз дээ.
-Таны хэлснээр энэ олон жилийн хугацаанд ахиц гарсангүй гэлээ. Цаашид юунд итгэж найдаж байна вэ?
-Хүмүүс асуудалд орчихоод хэсэг явж байгаад цөхрөнгөө бараад орхидог. Залхаад хаясан нь ч бий. Би бол шударга үнэн гэж зүйл байдаг бол үр шимийг нь харахсан. Ардчилсан хүмүүнлэг нийгэм байгууллаа гээд байгаагийнх үр дүнг харуулмаар байна. Бүр ганцхан Монголчуудад биш хүн төрөлхтөнд харуулмаар байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбоотой хүний хэргийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг дэлхийгээрээ харж хүлээж байна. Харин үүний төлөө уйгагүй л явах ёстой. Нэгдүгээрт, Монголд ямар нэг асуудал дөрвөн жилийн л амьтай. Дөрвөн жил болоод бүгд солигддог. Өмнөх асуудлаа судалдаг, мэддэг хүн алга. Шинэ сайд, дарга ирнэ. Очоод бүгдийг эхнээс нь ярина. Хоёрдугаарт, жижиг орны зовлон жижиг л байдаг юм байна. Энэ зовлонг эдэлж явна. Хэрэв би АНУ, ОХУ, Хятадын иргэн байсан бол энэ асуудал аль хэдийнэ шийдэгдсэн. Гэтэл Малайз манайхаас гуйх юм байхгүй. Харин манайх л очиж гуйна. Австрали, Малайзад юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрлээ.
-Дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж болно шүү дээ?
-Би явсаар л байх болно. Сүүлд Ерөнхийлөгчид хандахад зөвлөх нь ирж уулзсан. Энэ жил Монгол, Малайзын харилцааны 50 жилийн ой боллоо. Ойг тохиолдуулж мэнд мэдэнгээ асуудлыг тавьж өгөөч. Ингэхдээ Ерөнхийлөгчийг та хаан хүн юм чинь Малайзын хаанд хандаад өгөөч гэсэн санаатай. Эцэстээ хувь хүнтэй холбоотой мэт боловч хоёр орны ард түмэн, харилцаа юу ч үгүй болсон. Тэр ч битгий хэл Малайзын Бээжинд суудаг Элчин сайд манай улсад 12 жил итгэмжлэх жуух бичгээ бариагүй. Ийм дипломат ёс, харилцаа гэж байдаг юм уу. Гэтэл Монгол Улс дуулгавартай нь аргагүй жуух бичгээ бариад л байдаг. Үүний цаана учир байдаг биз.
Ерөнхийлөгчийн зөвлөх миний санааг танилцуулсан байх. Уулзах байлгүй дээ. Ер нь 16 жилийн хугацаанд манайхаас Ерөнхийлөгчид нь хандаж байгаагүй юм. Гадаад харилцааны сайдад жилийн өмнө өргөдөл өгсөн. Түүнээс хойш 2-3 удаа өгчихлөө. Уулзана л гэсэн. Зав нь болохгүй байгаа байлгүй дээ. Хариуцдаг байгууллагаас нь нааштай хариу өгөхгүй байгаа учраас өөрийнхөө шугамаар л хөөцөлдөж явна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тэндхийн шинэ сайдад хандаад өгөөч гэж хүсэх санаа байна. Гэхдээ миний асуудлаас илүү чухал олон ажил байгаа байлгүй.
Энэ хэрэг дээр анхнаас нь өмгөөлөл үзүүлсэн компани бий. Аав нь өмгөөлөл үзүүлж, хэргийн үнэнийг олох гэж яваад осолд орсон. Осол ч гэж алагдсан. Дэлхийд алдартай өмгөөлөгч, Малайзын хүндэт парламентч, сөрөг намын дарга байсан. Одоо охин, хүү хоёр нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. Монголд ч ирж байлаа. Саяхан онлайнаар холбогдоход охин нь “Би үнэндээ ганцаардаж байна. Монгол Улсаас жаахан ч гэсэн анхаарал хандуулах, дэмжлэг туслалцаа хэрэгтэй байх юм. Тийм зүйл байдаг бол хэргийг шударгаар шийдвэрлэхэд маш их нэмэртэй. Даанч тийм зүйл ердөө алга” гээд уйлсан. Бичиг нь ч бий. Гадны иргэн Монгол хүний төлөө уйлж явахад манай улс яагаад үл тоож, гэдийгээд байдаг нь харамсалтай санагдсан. Зөгийд хатгуулж үзээгүй хүн зөгий хатгадаг гэдгийг мэддэггүйтэй адил өөрт нь зовлон тохиолдоогүй бол хэчнээн мундаг байлаа ч ойлгож мэдэрдэггүй. Зовлонг туулж яваа хүн би л мэдэрнэ.
Гадаад харилцааны яам, Консулын газар дээр очиход намайг цаашаа гэхгүй. Хаалгыг нь элэгдтэл очиж байгаа юм чинь. Даанч “Хүлээж л байна даа” гэхээс өөр зүйл ярьдаггүй нь харамсалтай. Ирэх намар Малайзын парламентын сонгуультай. Энэ сонгуулиас өмнө асуудлыг шийдвэрлэж хоёр орны ард түмний харилцаа, төр засгийн хамтын ажиллагааг хүндэтгэж иргэнийхээ амь насаа алдсан хэргийг нэг тийш нь болговол яасан юм бэ гэсэн ухаантай үгийг бичээд өгөх дарга олдохгүй юм болов уу гэж бодож байна. Монголын төр хэрэг хийсэн хүмүүст битгий ял тулга, цаазал гэж хэлж чаддаг шигээ ганц өгүүлбэр бичээд өгөх хүн Монголд байна уу. Иргэнийхээ төлөө дуугардаг хүн байгаа байх гэдэгт итгэж байна
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин