ОХУ-ын эрх баригчид Японы ерөнхий сайд Кишида Фумио тэргүүтэй 63 өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгчид болон сэтгүүлчдийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглож байгаагаа гадаад хэргийн яамны цахим хуудсандаа мэдэгдлээ.
Эдгээр хоригт орсон албан тушаалтнуудыг нутагтаа нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон тухай ОХУ-ын гадаад хэргийн яам лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Ерөнхий сайдаас гадна Японы гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайд парламентын гишүүд их сургуулийн багш нар болон хэд сэтгүүлчид жагсаалтад багтсан байна.
Мэдэгдэлд, Токио ОХУ-ын эсрэг урьд байгаагүй кампанит ажил эхлүүлж, улс орныхоо эдийн засаг болон олон улсын нэр хүндэд хохирол учруулах арга хэмжээ авсан гэж онцлон тэмдэглэжээ.
Японы ерөнхий сайд Кишида энэ үйлдлийг буруушааж, Оросын мэдэгдлийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хариу мэдэгдэн, “Долоогийн бүлэг” болон олон улсын хамтын нийгэмлэгийн бусад орнуудтай хамтран хориг арга хэмжээнд нь зохих хариу өгөх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Япон улс өмнө нь, ерөнхийлөгч Владимир Путин, түүний хоёр охин болоод төрийн болон цэргийн албан тушаалтнуудын хөрөнгийг битүүмжилж Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ авсан. ОХУ мөн ерөнхийлөгч Жозеф Байден, ерөнхий сайд Борис Жонсон зэрэг АНУ, Их Британийн засгийн газрын албан тушаалтнуудыг нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээ