Америкийн тэтгэврийн хөгшчүүд ажил хийхээс өөр аргагүй болжээ

2022-05-06 08:00
anu tetgever

Америкийн тэтгэврийн хөгшчүүдийн амьдрал олон орны иргэдэд үлгэр дууриал байж ирсэн билээ. Тус улсын иргэд тэтгэвэртээ гармагцаа дүүрэн хөргөгчтэй, эрүүл мэндийн үйлчилгээ сайн авч чаддаг, гадаад дотоодгүй аялдаг гээд тансаг амьдралд умбадаг гэх төсөөлөл байсан.

Тэгвэл сүүлийн хэдэн сарын хугацаанд байдал өөрөөр эргэжээ. Өөрийгөө ачаалалд оруулахгүйгээр үлдсэн насаа өнгөрөөх гэсэн хөгшчүүд ажил хийхгүй л бол байр сууцныхаа төлбөр, амьжиргаагаа залгуулах аргагүй болжээ.

Үүний гол шалтгаан нь инфляцийн өсөлт. Хүнсний бүтээгдэхүүн, бензин, нийтийн тээвэр, эм бэлдмэлийн үнэ өссөнөөс болоод тэд ийм сонголт хийхэд хүрч байна.

Америкийн иргэн Патти Байтер CBS-т өгсөн ярилцлагадаа тэтгэвэрт гараад 1 жил ч бололгүй ажил хайхаас өөр аргагүй болсон гэжээ.

-Инфляци нэмэгдсэнээс болоод ажил хийхээс өөр аргагүй болгож байна. Бензиний сарын зардал $150-оор нэмэгдэж, даатгалын хуримтлал дууслаа. Ганц тэтгэврээрээ амьдрах боломжгүй боллоо. Эцсийн өдрөө хүртэл хөдөлмөрлөнө гэж бодохоос ч халширч байна гэжээ.

Даатгалын хуримтлал гэдэг нь Байтер хадгаламжаа хэлсэн аж. Америкчууд өтөл насандаа хэрэглэнэ гэж хөрөнгө оруулалтын дансанд мөнгө хийж, хөрөнгийн бирж, мэргэжлийн санхүүчдэд найдлага тавьдаг. Америкийн хуулиар бол ийм данс нь алдагдал, дампуурлын даатгалгүй юм байна.

Эх сурвалж: www.kp.ru

Орчуулсан: Э.МАРТ