Хойд Солонгосын засаг захиргаа оффисын ажилтнуудыг хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд руу илгээжээ. Ийм арга хэмжээ авах замаар тус улсын Засгийн газар хүнсний хомсдолоос сэргийлэхээр зорьж байгаа тухай Reuters мэдээлэв.
Тус улсад өдгөө урт хугацааны ган гачиг үүсжээ. Дөрөвдүгээр сард агаарын температур хэвийн үеэс 2,3 градусаар халж, сарын хур тунадасны 40 гаруйхан хувь нь оржээ. Үүнээс болоод ургац алдаж, өлсгөлөн нүүрлэх вий гэж тус улсын төр засаг болгоомжилж байна.
Тиймээс төр засаг, ажилтан, ажилчид нийлээд хатаж хуурайшссан бүсийн талбайд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүргэхийн төлөө хүчээ дайчлан ажиллаж байгаа аж. Залуучуудын бригад услалтын төхөөрөмжийг сайжруулах, өргөтгөх аяны хүрээнд Хамхын боомт хотод усан зам ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна Анжу, Кэчон хотуудад нутгийн иргэдийн оролцоотойгоор цөөрөм үүсгэж, суулгацад бордоо нэмж, фермд ус хүргэх шаардлагатай техникүүдийг илгээсэн байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.МАРТ