1990 оноос эхлэн Америкийн үндэсний шог зураачдын холбоо 05-р сарын 05-ны өдрийг үндэсний шог зураач, хүүхэлдэйн киноны зураачдын өдөр болгон тэмдэглэх болжээ.
Энэ урсгал нь энгийн хошин зураг, улс төрийн шүүмжлэлт ёгт зураг, хүний хошин хөрөг зураг, хүүхэлдэйн кино, анимэ, анимэйшин /зурагт түүх/, манга гэх мэт олон төрөлтэй байдаг.
Өдөр тутмын сонингуудад Ц.Жандал, Ц.Байды, А.Бат-Эрдэнэ, С.Цогтбаяр нарын шог зургууд тавигддаг байжээ. Эдгээр эрхмүүд мөн хүүхэлдэйн зураг болон зурагт түүхийг ч Монголд хөгжихөд их хувь нэмэр оруулсан.
Дэлхийн энэ чиглэлийн зургийн эхэлэл мэдээж хад, чулуун дээр дүрс буулгаж эхэлснээс яригдана. Жишээлбэл Ираны нутгаас олдсон Shahr-e Sookhteh хэмээх МЭӨ 2100 он орчим хүрлийн үеийн олдворуудын дунд байх үсэрч байгаа янгирын зураг, Египтээс олдсон барилдаж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг харуулсан дүрс зураг зэрэг болно.
Харин анх 1889 онд New York World сонинд ноён Ричард Оуткалт Richard Felton Outcault нэгэн усны шар цувтай хүүгийн зургийг гаргаснаар “Шар хүү” анхны шог зураг, зурган түүхийн гол дүр болсон байна. Түүгээр дамжуулан төрөл бүрийн үзэл санаа, сурталчилгаа ч хэлэгдсэн бөгөөд энэ хүү хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байв. Дараа нь Рудольф Дирксийн /Rudolph Dirks/ 1897 онд гаргасан Катзенжаммер кидс /The Katzenjammer Kids/ жинхэнэ утгаараа зурган түүх болж хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн байдаг. Диркс анх удаа хүний яриаг бөмбөлөг хэлбэрийн хэсэгт бичиж ашигласан зураач юм. Сүүлд түүний алдарт цуврал нь Метро Гольдвин Майэрийн хүүхэлдэйн кино болж олонд хүрсэн.
Анхны хөдөлгөөнт зураг буюу хүүхэлдэйн киноны санаачлага олон газарт хийгдэж байсан ч Францын зураач Эмиль Колийн Fantasmagorie хэмээх 1 минут 20 секунд урттай хөдөлгөөнт дүрсийг анхных хэмээн зөвшөөрдөг хүмүүс олон. Тиймээс ч ноён Émile Cohl (January 4, 1857 – January 20, 1938)-ийг Хүүхэлдэйн киноны эцэг гэх нь бий. Түүнээс хойш мэдээж алдарт MGM, Walt Disney, Dream Workers, Pixar гэх мэт мангасууд үе үеийн үзэгчдийн нүдийг баясагсаар иржээ.