Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Алтанзул, холбогдох албаныхан Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна. Тус хэсгүүдэд БОАЖЯ-ны усны бодлого зохицуулалтын газар, ОББҮХ, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яам, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн албаны төлөөлөл байлцлаа.
Нэг талаас төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр ААНБ-ууд төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт MNS 6561:2015 стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийцүүлж, нийлүүлэх ёстой.
Гэвч ААНБ-ын технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь, хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм. Томоохон бохирдуулагчид авто угаалгын газрууд, арьс, шир боловсруулах, ноос, ноолуурын үйлдвэрүүд, бусад химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хими цэвэрлэгээнүүдийн бохирдол хамаарч байгаа юм.
Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдлаа усаа өөрсдөө цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламжийн стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм. Мөн Туул гол дагуу нийт 5 цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өглөө. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна. Лабораторийн шинжилгээний хариу ирэх 7 хоногт гарах юм байна.