Хэн илүү мөнгөтэй вэ? Жон Д.Рокфеллер үү, эсвэл Чингис хаан уу? Энэ бол хариулахад төвөгтэй энгийн асуулт юм.
Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг шилдэг эрдэмтэд, түүхчидтэй хэдэн цаг ярилцсаны эцэст гаргасан байна. Мэдээж урт хугацаанд үргэлжилсэн цаг хугацаа, эдийн засгийн системд баялгийг харьцуулахад хүндрэлтэй байсан хэдий ч ямар эмх дарааллаар тогтоосныг эндээс харж болно.
№10 Чингис хаан
Амьдарч байсан үе: 1162-1227
Баялаг: маш их газар нутаг
Чингис хаан бол бүх цаг үеийн цэргийн хамгийн амжилттай жанжин гэдэгт эргэлзэх явдалгүй. Хятадаас Европ хүртэл сунаж үргэлжилсэн Монголын эзэнт гүрний хаан байхдаа түүхэн дэх хамгийн том гүрнийг захирч байв. Гэвч Чингис агуу их засаглал бүрдүүлсэн ч баялаг хэзээ ч хуримтлуулж байгаагүй хэмээн эрдэмтэд ярьдаг. Харин ч хааны өгөөмөр зан нь түүний нөлөөллөө тэлэх гол түлхүүр байжээ. “Түүний амжилтын гол нууц нь олзыг цэргүүддээ болон бусад командлагчдадаа хуваалцах байсан” хэмээн “Queens College CUNY” коллежийн түүхийн ухааны профессор Моррис Россаби мэдэгджээ.
“Чингис хаан”, “Орчин цагийн ертөнцийн байгуулал” номын зохиолч Жек Уэтерфорд монгол цэргүүд орчин цагийн ихэнх армиас ялгаатай нь хувьдаа шагнал авах хориотой байжээ. Ингээд төр өмчилж авснаа эрх бүхий албан тушаалтнууддаа хуваарилж, дараа нь цэргүүд болон тэдний гэр бүлийнхэнд хувааж өгнө.
Чингис хаан олзноос хувь хүртдэг байсан боловч түүгээр баяжиж байсангүй. “Тэр өөртөө болон гэр бүлийнхэндээ ордон, сүм хийж, булш бунхан, тэр ч битгий хэл байшин ч босгож байсангүй” гэмээн Уэтерфорд мэдэгджээ. “Тэр эсгий гэрт төрж, эсгий гэрт нас нөгчсөн. Түүнийг үхэхэд нь энгийн хүний адил эсгийнд боож, оршуулсан” гэжээ.
№9 Билл Гейтс
Амьдарч байсан үе: 1955 оноос өнөөг хүртэл
Улс: АНУ
Баялаг: 78.9 тэрбум доллар
Түүнийг өнөө цагт амьд байгаа дэлхийн хамгийн баян хүн гэж тодорхойлж болно. “Forbes” сэтгүүл энэ оны байдлаар “Microsoft”-ыг үндэслэгчийн цэвэр хөрөнгийг 78.9 тэрбум доллар гэж үнэлжээ. Энэ нь хоёрт бичигдэж байгаа, “Zara”-г үүсгэн байгуулагч Амансио Ортегагийнхаас 8 тэрбумаар илүү гэсэн үг.
№8 Алан Руфус (a.k.a. Alan the Red)
Амьдарч байсан үе: 1040-1093
Хүйс: Эр
Баялаг: 194 тэрбум доллар
Байлдан дагуулагч Уильямын хамаатны дүү Алан Руфус Нормандын эзлэхэд ахыгаа дагаж явжээ. Тэр 11000 фунт стерлингтэй нас барсан байна. “The The Richic of the Rich” номын зохиолч Филипп Бересфорд, Билл Рубинштейний хэлснээр энэ нь тухайн үедээ Английн нийт ДНБ-ий 7%-ийг эзэлж байв. Энэ нь 2014 оны байдлаар 194 тэрбум доллар гэсэн үг юм.
№7 Жон Рокфеллер
Амьдарч байсан үе: 1839-1937
Улс: АНУ
Баялаг: 341 тэрбум доллар
Рокфеллер 1863 онд нефтийн эзэнт гүрэнд хөрөнгө оруулалт эхэлж, 1880 он гэхэд түүний “Standard Oil” компани Амщрикийн нефть олборлолтын 90%-ийг хянадаг болжээ.
“Нью-Йорк Таймс” сонинд бичсэн эмгэнэл дээр Рокфеллерийг 1.5 тэрбум орчим долларын хөрөнгөтэй гэж байв. Түүний нийт хөрөнгийг АНУ-д 1918 оны холбооны татвар дээр үндэслэн тооцвол тухайн онд гаргасан нийт хөрөнгийн 2 орчим хувьтай тэнцэх юм. Үүнийг 2014 оны хувьтай харьцуулбал 341 тэрбум доллар болно.
№6 Эндрю Карнеги
Амьдарч байсан үе: 1835-1919
Улс: АНУ
Баялаг: 372 тэрбум доллар
Рокфеллер бүх хэвлэлийг авсан ч Эндрю Карнеги бүх цаг үеийн америкчуудаас хамгийн баян нь гэж хэлж болно. Шотландын цагаач тэрээр компаниа 1901 онд АНУ-д 480 сая доллараар худалдсан түүхтэй. Энэ нь тухайн үеийн АНУ-ын ДНБ-ий 2,1%-тай тэнцэж байсан бөгөөд 2014 оны ханшааар тооцвол 372 тэрбум доллар юм.
№5 Иосиф Сталин
Амьдарч байсан үе: 1878-1953
Улс: ЗСБНХУ
Баялаг: Дэлхийн нийт ДНБ-ий 9,6%-ийг эзэлдэг улс орноо бүрэн хяналтад байлгасан
Сталин бол орчин цагийн эдийн засгийн түүхийн хамгийн өвөрмөц хүн гэж хэлэхэд болно. Хэт засаглалтай дарангуйлагч, түүнчлэн дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг нэгийг хяналтандаа байлгадаг. Сталины баялгийгн ЗХУ—ын баялгаас салгах аргагүй ч түүний эдийн засгийн хүч, ЗХУ-ыг бүрэн хяналтандаа авсан байдал зэргээрээ бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян хүний тоонд оруулж байна.
1950 онд буюу Сталиныг нас барахаас 3 жилийн өмнө ЗХУ дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн 9,5%-ийг дангаараа хангадаг байв. Үүнийг 2014 байдлаар харьцуулж үзэвэл 7,5 их наяд орчим доллар юм. Хэдийгээр энэ их мөнгийг Сталин дангаараа эзэмшиж байгаагүй зөвлөлтийн эдийн засгийн хүчийг хүссэн үедээ захиран зарцуулах эрхтэй байв. “Түүнд асар их хүч байсан. Энэхүү хүчнийхээ ачаар тэрээр хүссэн бүхнээ авах боломжтой байв. Тэр дэлхийн нийт хуурай газрын 1/6-ийг ямар ч шалгалт, балансгүйгээр хянаж байсан” хэмээн Бирмингем дэх Алабамагийн их сургуулийн түүхийн ухааны профессор Жорж О.Либер мэдэгджээ.
№4 I Акбар
Амьдарч байсан үе: 1542-1605
Улс: Энэтхэг
Баялаг: Дэлхийн ДНБ-ий 25%-ийг эзэлдэг эзэнт гүрнийг удирддаг байсан
Энэтхэгийн Могол гүрний агуу их удирдагч Акбар хаан дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн ¼-ийг дангаараа хангадаг улс эзэмшдэг байв. Акбар хааны үед хүн амд ногдох Энэтхэгийн ДНБ Английн Элизабетын үеийнхтэй дүйж байсан гэж түүхч эдийн засагч Ангус Мэддисон өгүүлжээ. Үнэхээр Энэтхэгийн язгууртнууд барууны баячуудаас ч илүү баян байсан юм.
№3 Шэнжон эзэнт хаан
Амьдарч байсан үе: 1048-1085
Улс: Хятад
Баялаг: Дэлхийн ДНБ-ий 25-30%-ийг эзэлдэг эзэнт гүрний эзэн
Хятадын Сүн гүрэн (960-1279) бүх цаг үеийн эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг байлаа. Тамкангийн их сургууль дахь Сүн гүрний эдийн засагч, түүхч профессор Рональд Эдвардсын хэлж буйгаар энэ үндэстэн хөгжил цэцэглэлтийн үедээ дэлхийн нийт баялгийн 25-30%-ийг үйлдвэрлэж байсан гэнэ.
Эзэнт гүрний баялаг технологийн шинэчлэлээс эхэлж, татвар хураах гээд Европын Засгийн газраас хэдэн зуун жилээр түрүүлж байв. Сүн гүрний Засгийн газар нэлээд сайн төвлөрсөн байсан тул эзэн хаан эдийн засагтаа томоохон хяналт тавьж байсан гэжээ.
№2 Август Цезарь
Амьдарч байсан үе: НТӨ 63 оноос НТ 14 он хүртэл
Улс: Ром
Баялаг: 4,6 их наяд доллар
Август Цезарь зөвхөн энгийн эзэнт улс захирч байсангүй. Энэ улс дэлхийн нийт үйлдвэрлэлийн 25-30%-ийг хангадаг байсан тухай Стэнфордын түүхийн ухааны профессор Иан Моррис хэлжээ. Август нэгэн цагт эзэнт гүрнийхээ эдийн засгийн 1/5-тай тэнцэх хэмжээний хувийн баялагтай байжээ. Энэ нь 2014 оныхоор бол 4,6 их наяд доллар юм. “Хэсэг хугацаанд Август Египетийг бүхэлд нь ганцаараа эзэмшиж байсан. Тэгэхээр баялгийг нь илрүүлэхэд хэцүү юм” хэмээн Моррис хэлжээ.
№1 Манса Муса
Амьдарч байсан үе: 1280-1337
Хүйс: Эрэгтэй
Баялаг: Үгээр илэрхийлэхийн аргагүй баян
Тимбуктугийн хаан Манса Мусаг түүхэн дэх хамгийн баян хүн гэж үздэг. Түүхийн ухааны профессор Феррум Ричард Смитийн хэлж буйгаар баруун Африкийн Мусагийн вант улс дэлхийн хамгийн том алт үйлдвэрлэгч орон байсан бөгөөд тухайн үед алт хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй байжээ.
Муса хэр баян байсан бэ? Түүний баялгийг нарийн тэмдэглэх аргагүй. Зарим түүх шастирт түүнийг Мекка руу мөргөл хийхээр явахдаа нэлээд өгөөмөр зан гаргаж, асар их зарлага гаргадаг байсан нь Египетэд хямрал үүсгэж байсан гэдэг. Тэр хэдэн арван тэмцээнд хэдэн зуун фунт алт ачиж явдаг байсан гэнэ. Түүнчлэн Муса 200 мянган хүнээс бүрдсэн армитай, 40 мянган харваачтай байсан гэжээ.