Манай улсад борлуулагдаж буй эм өндөр хөгжилтэй орнуудын эмтэй орц, найрлагын хувьд адилхан ч үйлчилгээ нь 3-4 дахин бага байна. Тиймээс УИХ-ын 21 гишүүн өнөөдөр Эмийн чанар, хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар гишүүд мэдээлэл хийв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчлэл нь харилцан адилгүй байна. Тиймээс УИХ-ын тухай хуульд заасны дагуу Эмийн чанар, хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 2014 онд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг баталсан. Үүнд Үндэсний аудитын газар гүйцэтгэлийн аудит хийжээ.
Дүгнэлтээр 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу ДЭМБ-ын GMP-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн байна. Харин эмийн чанар сорьц дээр хяналт хийхэд манай улсын дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй. Түүнчлэн ЭМДС-аас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй байна. Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь нь бүртгэлгүй байгаа юм.
Энэ түр хороо эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудыг амьдралд нийцсэн, хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарсан хууль болгоход туслалцаа үзүүлнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмчилгээний үр дүн сайнгүй байгаад байгаа шалтгаан бол ерөөсөө л эмийн чанарын асуудал. Тиймээс эмийн чанарын тогтолцоо, эм үйлдвэрлэх процессыг чанартай байлгаж, түүнийг хянах тогтолцоог сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн салбар тендерээр дандаа хямд үнэтэй эм авсаар байгаад эрүүл мэндийн салбарт чанаргүй эм дүүрчээ. Харамч хүн арав дахин төлнө гэдэг шиг нэг хүнийг чанартай эмээр долоо хоног эмчилчих байсан зүйлийг бид 14-21 хоног эмчилж байна” гэсэн юм.
2 comments
Монгол эм зүйч. Эрдэмтэд үйлдвэрлэгчиддээ туслаж дэмжих хэрэгтэй. Монгол байгаль орчин Монгол хүн өөрөө. Дэлхийн шилдэг эмэнд туршигдаагүй шинжлэгдээгүй тул асуудал бий шүү.
Дэлхий гэж ярьаад яах бэ бид чинь 21 зуун д амьдарч байна монголд адилхан чанартай эм тариагаа зармаар байна та гишүүн байна уу үйлчлэгч байна уу адилхан хүн бас адилхан үхэн тийм болхоор чанартай эм таригаа адилхан хэргэл эмийн сангаа хинэлт тавь эм тариаа чинь талх шиг зарж байна даа анхаар нуу засгийн газар аа