Төмөр замын нарийн болон өргөн царигийн асуудал олон жил маргаан дагуулж байсан. Гэвч шийдэлд хүрээгүй. Харин өнөөдөр нарийн царигтай төмөр замгүй улмаас Монгол Улс олон боломжийг алдаад байгаа талаар эдийн засагчид ярьсаар байна. Эдийн засагч Ч.Хашчулуун манай экспортын 90 хувь нь нарийн царигтай улсууд руу хийгдэж байгаа талаар өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа онцлон тайлбарлажээ.
Тэрбээр “Нарийн буюу Олон улсын стандартын төмөр замаар холбогдох боломж Монгол Улсын хувьд ОХУ-аас бараг илүү гэж хэлж болно. Манайх БНХАУ-тай 4,630 км урт хилээр холбогдсон. Манай гол худалдааны түншүүд Зүүн Азид, тэр дотор БНХАУ, БНСУ байдаг бөгөөд тэд олон улсын стандартын нарийн төмөр замыг ашигладаг. Нарийн цариг буюу олон улсын стандарт анх Британид үүссэн, түүнийг 1846 онд хуулиар баталсан байдаг. Түүнээс хойш дэлхийд нарийн цариг 1,435 мм төмөр зам нэлээд хөгжсөн, харин хуучин ЗХУ-ын гишүүн орнууд болон Монголд өргөн царигтай замыг ашигладаг.
Манайд анх төмөр замыг тавихдаа төдийлөн туршлагагүй байсан учраас ЗХУ-аас санал болгосон өргөн стандартыг тэр чигээр нь хүлээн зөвшөөрч, төмөр замын гэрээг хийхдээ маш олон алдаатай хийж, тухайлбал, УБТЗ-ын ашиглаж байгаа газрыг хугацаагүй болон төлбөргүй түрээсээр ЗХУ-д өгч, одоо хүртэл УБТЗ гэдэг байгууллага Монгол Улсын хуульд байхгүй хэлбэрээр ажиллаж, төрийн өмчит компани ч биш, хувьцаат компани биш хэлбэрээр ажиллаж ирсэн.
Нэгэнт олон улсын стандарт учраас дэлхийн бүх орчин үеийн тээвэрлэлт, төмөр замын төхөөрөмж, толгой вагонууд ихэвчлэн энэ царигт тааруулж үйлдвэрлэдэг, сонголт ихтэй, үнэ багатай. АНУ, Европ, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүх төрлийн вагонууд зах зээлд байна гэсэн үг. Мөн тээвэрлэлтийн хувьд улс орнуудын хооронд хурдтай явагдаж, тээврийн зардал багасаж, олон улсын стандарттай тул зорчигч болон ачааны тээврийн зардал ихээхэн буурдаг.
Манай иргэд олон улсын стандартыг ойлгохгүй, нөгөө талаас зөвхөн ОХУ болон хуучин ЗХУ-д ашигладаг стандартаас өөр төрлийн төмөр зам байдаггүй гэж боддог хүмүүс байдагтай холбоотой байх, дээрээс нь зориуд Монгол Улс зөвхөн ОХУ-ын төмөр замын сүлжээтэй л хамтран ажиллах ёстой гэсэн нэгэн төрлийн сонирхол байгаа. Гэтэл манайх шиг уудам нутагтай, экспортоор хөгждөг улсын хувьд аль болохоор орчин үеийн, тээврийн зардал багатай, тээвэрлэх хугацаа багатай төмөр замын сүлжээтэй байх нь улсын эрх ашиг байгаа юм.
Түүнээс биш заавал нэг хуучин стандартыг баримтлах нь оновчгүй. Учир нь экспортын 90 хувь нь нарийн царигтай улсууд руу хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр ОХУ-тай бид өргөн царигтай холбоотой ч, тэр зүгт экспортолж байгаа бүтээгдэхүүн, тээврийн урсгал бараг байхгүй, харин манай худалдааны нийт урсгалын 90 хувь нь Зүүн Хойд Ази руу хийгдэж байна.
Дэлхийн эдийн засгийн хандлага, манай улс хамгийн их экспортолж байгаа гадаад худалдааны зах зээлийн байршил, барааны урсгал, технологийн хөгжил, тээврийн зардлыг бууруулах шаардлагыг бодолцож, өөртөө хамгийн ашигтай хувилбарыг л хэрэглэх хэрэгтэй. 1938- 1988 онуудад бид ихэвчлэн хойд хөрш, социалист орнуудтай худалдаа хийж, тэр нь манай гадаад худалдааны 99 хувийг эзэлдэг байсан бол тэр үедээ тохирсон замтай байсан.
Одоо бол гадаад худалдааны хэмжээ асар их нэмэгдсэн, экспорт, импортын гол урсгал нь Азийн орнууд руу эргэсэн, эд нартай ижил олон улсын стандартыг хэрэглэх нь ирээдүйд манай экспорт улам нэмэгдэх нэгэн нөхцөл юм. Ер нь 2014 онд экспортын төмөр замыг нарийн царигтай барих Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн Их Хурлаас баталсан бодлогод аль алийг нь ашиглах боломжтой байна гэдгийг заасан байгаа тул, нарийн царигтай замыг ашиглаж болохгүй гэсэн зүйл огт байхгүй.
Манайд өмнө нь ч нарийн царигтай замуудыг ашиглаж ирсэн. Тухайлбал, манай анхны төмөр зам (Улаанбаатар-Налайх) 1938 онд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж, хүн амыг нүүрсээр хангах зорилготой байв. Хэрлэн голын Чойбалсан өртөөнөөс Тамсаг булгийн хооронд баригдсан нарийн цариг (750 мм)-тай төмөр зам бол Монголын хоёр дахь нарийн царигийн төмөр зам болсон. Тиймээс одоо болохоор бүх төмөр замууд Монголд зөвхөн өргөн царигтай байх ёстой, нарийн царигтай зам байж болохгүй гэдэг нь зүгээр л хүмүүсийг төөрөлдүүлэх эндүүрэл гэж ойлгож болно.
Харин эндүүрлийн хувьд манай улсад маш их алдагдалтай, цаг, зардлыг нэмэгдүүлсэн, өөрийн экспортын боломжоо боомилсон эндүүрэл болоод л байна. Гашуунсухайтын гол экспортын төмөр зам олон жил баригдахгүй байж, баригдах болохоороо урд хөршийн тээврийн системтэй нийцэхгүй өргөн царигтай баригдаж, ердөө л 100 км тээвэрлэсэн бараагаа дахин буулгаж, дахин ачдаг маш зардалтай, үр өгөөжгүй төмөр зам яагаад болчхов оо. Яагаад энэ зам манай экспортыг нэмэгдүүлэхийн оронд экспортыг гацаах. БНХАУ-ын зах зээлд бусад орнууд ноёрхох хугацаа, боломжийг олгосон замын төсөл болчхов оо гэдэг нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татах асуудал мөн.” хэмээв.
3 comments
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Энэ бол Женкогийн хорлол гээд хэлчихгүй булзааруулаад байгаа юм бэ??? Аймхай ийм мэдлэгтэй хүмүүсээс болоод Монгол улс хөгжихгүй байгаа юмаа!!! Хүрэлсүх,Оюунэрдэнэ нар юу ч хийж чадахгүй айчихсан байгаа юмуу? бүү мэд!!!
УЛСУУД РУУ биш… нарийн царигийн тухайд ганцхан Хятадтай л хиллэнэ…