-Эелдэг занг сээтэгнэлтэй андуурах эрчүүд, Хүнлэг занг өөрийг нь сонирхоод байна гэж андуурах эмэгтэйчүүдийн алдаатай хандлага-
Өнөөгийн нийгэмд хүн хүндээ тусалдаггүй, ашиг хонжоо харж л нөхөрлөдөг гэсэн ойлголт газар авчээ. Гэтэл харин эсрэгээрээ адилхан хүн хүндээ тусалъя гэсэн, заримдаа танихгүй ч гэсэн зүгээр л өөдөөс нь хараад инээмсэглэмээр, тэврээд авмаар, зам заагаад өгмөөр, утсаараа яриулчихаар өдөр бидэнд байдаг шүү дээ. Энэ бүрийг “энэ намайг яах гэж байгаа юм бол” гэсэн хардлагын нүдээр харсаар байх нь хэцүү биш гэж үү?
Тэгвэл найздаа тохиолдсон нэгэн явдлаас хуваалцъя. Автобусанд унтаж байгаад нэг харсан буух буудал дээрээ ирчихэж гэнэ. Сандарч гарахдаа түрийвчээ арын суудал дээр орхиод гарчихаж. Түрийвчинд нь бүх бичиг баримт, мөнгө төгрөг, карт гээд бүгдийг нэг дор авч явдаг болоод автобусны араас зүгээр хараад зогсож чадсангүй. Нэг машин руу асуух ч үгүй хариагаад л орж. Хувийн тэрэг байсан болохоор явахгүй гэж байна.
Буудлаар нэг такси хайж орилж гүйсэн ч заримдаа цагаа тулахаар такси ч олдохгүй юм. Тэгээд нөгөө анх суусан машины жолооч өрөвдсөн бололтой “Чухал хэрэг гарсан бололтой. Би уг нь хүн хүлээж байгаа юм. Гэхдээ суучих” гэж. Бөөн баяр болоод автобусныхаа араас давхиж цаг алдсаныг ч хэлэх үү нэгдүгээр замаар хэзээ ч хурдалж байгаагүйгээрээ хурдалж гэнэ. Магадгүй кинон дээр л ингэж хурдтай явж машины хойноос хөөж байгааг харж байсан байх. Дөрвөн замын уулзвар гарч ирэхэд автобусны дараагийн буудлыг мэдэхгүй байсан болохоор итгэл найдвараа бараг алдаад байлаа. Ер нь хайгаад автобусаа олдог байлаа ч түрийвчийг нь хэн нэгэн нь авчихсан гэдэг ойлгомжтой байсан ч эцсийг нь хүртэл явъя гэж залуу тайвшруулж байлаа.
Замд явж байсан хүнээс зогсоод асуухад эцсийн буудал энд байдаг гэж зааж өгч байна. Заасан замаар нь очиход хүлээж байсан юм шиг автобусны жолооч нь цайлж байлаа. Тэгээд бүр хамгийн арын суудал орхисон тэр хэвэндээ хэтэвч байсныг хараад бүр хэлэх ч үг олдоогүйбиз. Харин нөгөө баатар залуу руу хүн залгаад чи хайччихваа ирж авна гэсэн гэж утасны цаанаас орилох чимээ гарна. Өөрт энэ хүртэл тусалсанд мэдээж маш их баярласан тул алдсан түрийвчнээсээ мөнгө авч хэдийг өгөх үү таксины мөнгө ядаж өгөх гэсэн юм гэлээ. Харин түүний өөдөөс зүгээрээ би таксины жолооч биш ээ. Мөнгө хэрэггүй. Харин би сая нэгдүгээр замаар баахан хурд хэтрүүлээд явчихсан хэрвээ торгууль ирвэл чамаар төлүүлнэ шүү дугаараа өгөөрэй гэж…
Үүнийг та юу гэж бодох байсан бэ? Намайг сонирхоод л дугаар авах гэж тусалж дээ гэж бодох байсан уу? Залуу нь ямархуухан залуу байсан бэ? гэж бодож байна уу? Тэр охин баярлаад сүйд болж байсан хүн дугаарыг нь асуунгуут өөрийхөөрөө ойлгон эмэгтэй л хүн бардам зандаа хөтлөгдөөд олигтой ч баярлалаа гэж хэлээгүй гэдэг. Дараа залгахаар нь баярласан сэтгэлээ илэрхийлнэ дээ гэж бодсоных ч байж магадгүй. Харин тэр сайхан сэтгэлтэй залуу түүн рүү залгаагүй ээ. Сахиусан тэнгэр шиг гэнэт гарч ирж тусалчихаад олигтой хүндлэлийн үг ч сонсолгүй гарж ирсэн шигээ алга болсон. Тэр эмэгтэй одоо хүртэл харамсан ярьдаг. Сайн хүнд талархаж чадсангүй дээ, олж уулзвал алдаагаа засах юмсан гэж…
Үүний адилаар та өөрт тань тусалсан, өөдөөс тань инээмсэглэсэн эмэгтэйг, хаалга нээж өгсөн эрэгтэйн хүнлэг занг хүндлээрэй. Бүх зүйл хуурамч биш шүү дээ. Бидний амьдралд сайн хүн, муугаасаа их байдаг гэж итгэдэг.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин