Төр үрэлгэн байна, бүтэц нь өмнөхөөсөө улам данхайсан гэх шүүмжлэл нийгэмд байсаар байна. Үүнийг өөрчлөхийн тулд анх удаа Төрийн хэмнэлтийн тухай хуультай болж, төр тансаглалаасаа салах гэсэн бодлогын реформыг парламентын зарим гишүүн унагах гэж хэрэндээ зүтгэлээ.
Тэд намынхаа, Засгийн газрынхаа бодлогын эсрэг сөрж, ил, далд лоббид автаж, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж буй нь олон нийтийг бухимдуулж байна.Гэсэн ч Засгийн газраас энэ оны төсвийн тодотголын хуультай дагалдуулж өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслөө гишүүдийн эсэргүүцлийг сөрж, тогтолцоог өөрчлөх эхлэл болгож батлууллаа.
Хуулийн төсөлд агентлаг, ТӨК-иудын орлогч, дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсныг зарим УИХ-ын гишүүн буруутгаж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд: “Нийслэл, аймгийн хүн амын тоо өөр. Нийслэл машинтай зургаан даргатай ажил явдаггүй байсан, одоо явган хоёр орлогчтой ажил нь бүр явахгүй болох нь. Аймгуудад хоёр орлогч байхгүй бол ажил нь дийлддэггүй. Ерөнхий сайд аа, 20-хон хүний асуудал шүү дээ” гэхэд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Би бас дүүрэгт, аймагт ажиллаж байсан. Орон нутгийн зовлонг мэднэ. Одоо аймгууд хоёр орлогчтой болсон байна. Зарим нь гурав, дөрөв дэх орлогчоо оруулж ирж байна. Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Энэ 11 болж нэмэгдэнэ.
Яагаад нэг орлогчтой ажиллаж болохгүй гэж, өмнө нь болдог л байсан. Энд улс төрийн томилгоо байгаа нь үнэн шүү дээ.
ТӨК-иуд орлогчтой болъё гэсээр зарим нь бүр 11 орлогчтой болсон байна. Тэдний доор газар, хэлтсийн дарга нар байгаа. Нэг үүргийг гурван хүн хийгээд хэрэггүй гэж байгаа юм. Ажлаа сайн мэддэг, зангарагтай газрын дарга нар байг. Тэд ажлаа хийгээд явна. ИТХ ч дэргэдээ ажлын албатай болсон ч байх шиг. Ингэж явсаар төрийн алба данхайж, цалинг нэмэхэд төвөгтэй болсон байна. Үүнийг хуульчлаад явсан нь дээр. Нэг орлогчоос болж газар тэнгэр нийлж, галав юүлэхгүй. Ажил явдгаараа явна.
Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй.
Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуунтай, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Үүнийг том агуулгаар нь хүлээж авах хэрэгтэй. Автомашины асуудал дээр ч мөн адил. Цахим систем рүү оруулаад ашиглалтыг сайжруулах гэж байгаа болохоос би машинтай, тэр машингүй байна гэдэг хандлагаа өөрчилмөөр байна. Ил,далд лоббигоо боль. УИХ, Засгийн газар, шүүх засаглалын харьяа байгууллагууд бүгд тэгш зарчмаар шинэчлэлээ хийгээд явах ёстой” гэх байр суурийг илэрхийллээ.
Ерөнхий сайд шинэчлэлийн бодлогоосоо ухрах бодолгүй байна. Нийгэм ч үүнийг хүсэж байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авах хэрэгтэй юм.
Д.Дандархүү
1 comment
Энэ маш зүй хэрэг олон дарга цэрэг байлаа гээдээ ажил албан өөтэй яваж байгаа юм алга цөөхөн хүн амьтай газар нь ганц дарга байхад болно хаа сайгүй дарга тэр дарга дээр оч гээл явуулдаг маш их хэцүү ерөнхий сайдыг зөв шүү