Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчидсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо.
Улмаар шүүх хуралдааны товыг тавдугаар сарын 12-нд тогтоож, нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гарсан байна. Үүний өмнө шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргаад байсан юм.
Хэргийг эргэн сануулахад, бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан юм. Прокурор нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн юм.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.