Бөмбөлөг тээвэр дундуур хил, гаалийнхан нүүрсний хулгай хийжээ

2022-04-29 09:06
279460838_535483807940981_1325008226161121947_n

Хил, гаалийн удирдлагууд хуйвалдаж ”нүүрсний хулгай” хийдэг нь ил болсон ч хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Саяхан Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор хил гаалийн хариуцлагатай албан тушаалтнууд хуйвалдаж, нүүрсний хулгай хийсэн хэрэг дахиад илэрчээ. Үүнийг манай хууль хяналтынхан биш. Харин Гашуунсухайт боомтод шинээр томилогдож очсон удиррдлагууд нь илрүүлэн холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна.

Урьдчилсан байдлаар 2000 тн буюу 15 машин хулгайн нүүрс тогтоогдоод байна. Хатуу чанга хөл хорионы үеэр нүүрсний жолооч нар бөмбөлөг үүсгэн тээвэрлэлт хийж буй. Гэтэл 7 машинтай нэг компаний машин хуваарьт захирагдалгүй, 4 хэн хоногийн зайтай өдөрт тав таваараа өөр өөр жолоочтой гарч нүүрс хулгайлжээ. Хулгайгаар гарч байгаа учраас уг нүүрсэнд ямар ч гаалийн бүрдүүлэлт хийхгүй, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тэргүүтэй татвар хураамж төлдөггүй байна. Бүртгэл, тооцоо, бүгд нийлж байж хилээр гаргах учраас энэ хэргийн цаана гааль, хил, мэргэжлийн хяналт, магадгүй Хятадын тал бүгд оролцсон байх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд Гашуунсухайтын боомтод дарга томилоогүй нилээд удсан.

Энэ хооронд орлогч дарга нь хариуцан ажиллаж байсан бөгөөд орлогчоор нь өмнө нь гаалийн лац ломбоны асуудалд холбогдон дуулиан тарьж байсан Б.Мөнх-Амар гэгч ажиллаж байхад нь энэ хэрэг гарчээ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан Гашуусухайт боомтын орлогч дарга Б.Мөнх-Амар, Зөрчил хариуцсан ахлах байцаагч Эрдэнэбаяр, Ханбогд инженеринг ХХК-ийн захирал, Хилийн цэргийнхэн, гаалийн байцаагч тэргүүтэй 10-аад хүний холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэднээс тайлбар авч, хэргийг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, проукурор, Сангийн яам зэрэг холбогдох газруудад өгөөд байна.

Сэтгүүлч Б.Отгон 2022.04.29