Газрын тос боловсруулах үйлдвэрийн Хүхэр ялгах байгууламж (Sulfur Recovery Unit)-ийг Францын “Аксенс” компанийн лицензээр барихаар болж, гэрээ байгууллаа.
Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын патенттай технологийн лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалт дуусч, лиценз эзэмшигч компаниудтай ээлж дараалан гэрээ байгуулж эхлээд байна.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Францын “Аксенс” компанийн Ази, номхон далайн салбар компанийн дэд ерөнхийлөгч, ноён Стефан Верместер нар “Хүхэр ялгах байгууламж” (SRU)-ийн лицензийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Гэрээ байгуулсны дараа манай компани болон төслийн менежментийн зөвлөх компани, “Аксенс” компанийн инженер, мэргэжилтнүүд “Ажил эхлүүлэх уулзалт”-ыг цахимаар эхлүүллээ. Тус уулзалтаар хүхэр үйлдвэрлэх байгууламжийн зураг төслийн үндэслэл, дэвсгэр зураг зэргийг баталж, ажил гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөө зэргийг талууд тохиролцох юм.
Байгаль орчинд ээлтэй, олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн, өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хүхэр үйлдвэрлэх байгууламжийн тусламжтайгаар газрын тосны бүтээгдэхүүн дэх хүхрийг ялгаж, хүхрийн олон төрлийн нэгдлүүдийг элементийн хүхэр болгон хувиргахад тус байгууламжийн зорилго оршино.
Францын “Аксенс” групп нь аж үйлдвэрлэлийн чиглэлийн 3000 технологийн лицензийг зохиогч ба эзэмшигч, жилд 70 мянган тонн катализатор, адсорбент үйлдвэрлэдэг, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг юм гэж Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-иас мэдээллээ.