УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд гишүүдийг нэрсийн дарааллаар нэг нэгээр нь оруулж байгаа бөгөөд хамгийн эхэнд Н.Алтанхуяг гишүүн дэд хорооны хуралдаанд орж, гарч тайлбар хийсэн бол Г.Амартүвшин гишүүн мөн тайлбар өглөө. Тэрбээр “Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. “Вертекс майнинг” гэх компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж Ерөнхий прокурор тайлбарлалаа.
Уг 33 тэрбумын зээл одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбумыг зээлийн хүүд төлсөн байдаг. Мөн анх байсан барьцаа хөрөнгө нь хэвээрээ байж байна. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банкны зээл олголтод гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргалтад 16 хүн оролцдог. Тус банкны ТУЗ-ийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал түүнийг дагах үүрэгтэй” гэлээ.