Ариг банкны адармаатай, хувьцааны маргаанаас үүдэлтэй Монголын хоёр том бизнесмэний зөрчилдөөн алдарт Шекспирийн ”Ромео, Жульетта” зохиолд гардаг Монтегу, Капулет нарын дайсагнал лугаа өрнөөд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Хэний тухай вэ гэвэл Монголдоо томоохон толгой баячуудын тоонд ордог Номин холдинг ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, Эрэл группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат нарын Ариг банкинд хэн эзэн суух вэ гэсэн булаацалдаан.
Томчуудын том тоотой мөнгө эргэлдсэн энэ хэрүүл Ариг банкинд эзэн суух гэсэн “Номин”-ийн Ш.Баярсайханы шуналаас эхлэлтэй гэдгийг Эрэлийн Б.Эрдэнэбат хэлдэг. Энэ тухай нь ч хэвлэл мэдээллээр чамгүй шуугиад тэгс гээд намдчихлаа.
Ер нь тэдний “лаа”-гаа иднэ үү, “лууван”-гаа иднэ үү, Ариг нь Номингийнх байна уу, Эрэлийнх байна уу маньд уг нь нээх падлийгүй. Гол нь тэдний маргаан, булаацалдаан зөвхөн тэдний дунд өрнөлгүй, хууль шүүхийн байгууллагад нөлөөлж, авлига хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд нь ил болчихоод байхад ямар нэгэн хариуцлага хүлээлгүй зүгээр өнгөрөх гээд байгаад асуудлын гол нь байна.
Ариг банкны хувьцааны маргаан хэрхэн эхлэв?
Эрэл группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат 1997 онд Эрэл банкийг байгуулж, улмаар 2014 онд нэрийг нь Ариг банк болгосон юм байна. Тэр 100 хувийн хувьцаа эзэмшигч байдлаар энэ банкаа нээж байсан гэдэг. Харин 2016 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-ийн Ш.Баярсайхан нар уулзаж хөрөнгө оруулалтын гэрээ хийжээ. Тодруулбал Ш.Баярсайхан Эрэл группийн “Ариг банк” болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-т хөрөнгө оруулсных нь хариуд Б.Эрдэнэбат Ариг банкныхаа 39 хувийг өгөх болзолтой байсан байгаа юм. Гэвч хоёр талын тооцоололд байсан “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн үйл ажиллагаа санаснаар нь болоогүй тул “Номин”-ийн Ш.Баярсайхан Ариг банкны 58 хувийн хувьцааг авахаар дайралт хийсэн нь тэдний удаан үргэлжилсэн дайсагналыг эхлүүлэв.
Хууль, шүүхийн байгууллага, тэдгээрийн алба хаагч ямар байдлаар энэ хэрэгт орооцолдов?
Дайралт!. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Ариг банкныхаа маргаанаас болж, аавын хаалга татаад 6 сарын хугацаанд ял эдлэж суусан. Энэ бол “Номин”-ийн Ш.Баярсайханы байгаа унагасан сум байв. Улмаар Б.Эрдэнэбатыг нарсанд байх зуур Ш.Баярсайханы Ариг банкнаас эзэмших хувьцаа 58 хувь болж өссөнөөр тухайн банкны удирдлагын бүх эрх шилжсэн гэсэн үг. Энэ бүхэн хэрхэн өрнөж, бүтсэн нь “Оцгоногч” нэрээрээ алдаршсан Б.Баасанцогтын авлига, албан тушаалын хэргээс эхлэлтэй. Б.Баасанцогт нь Ш.Баярсайханы талын өмгөөлөгч. Мөн сайдын албан тушаал хүртэл хашиж байсан “буурал” А.Гансүх нэр холбогдсон. Тэд эцэстээ хууль, шүүхийн салбарт сүлжсэн торондоо орооцолдоод, энэ салбараас арчигдаж байгаа улс. Ингэж арчигдахаасаа өмнө тэд дараах луйврыг хийсэн.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-ийн Ш.Баярсайхан нарын дунд үүссэн “Ариг банк”-ны хувьцааны маргааныг шүүхээр шийдэхдээ Ш.Баярсайханы өмгөөлөгч, “Оцгоногч” Б.Баасанцогт Нийслэлийн Хан -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нарт авлига өгсөн нь тогтоогдсон.
Ил болсон. Улмаар тэдний шүүгчийн БҮРЭН ЭРХ-ийг Шүүхийн сахилгын хорооноос түдгэлзүүлэв. Одоо тэднийг АТГ эрүү үүсгэн шалгаж байгаа. Тэдгээр шүүгчид маргааныг шийдвэрлэхдээ Ш.Баярсайханы өмгөөлөгчөөс авлига хувийн дансаараа авч, Ш.Баярсайханы талд шийдвэрлэсэн нь асуудлыг алган дээр тавьсан юм шиг л ил болгож байгаа юм.
Гэтэл хэн авлига өгч, хэний эрх ашгийн төлөө эдгээр шүүгч нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон нь илт байхад Ш.Баярсайханыг яллагдагчаар таталгүй Номин холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх өөр хүнийг авлигын хэргээр татаж байгаа гэх сураг дуулдах нь шударга ёсонд авцалдахгүй байна.
2021.03.08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмгөөлөгч Б.Баасанцогт эрх бүхий албан тушаалтан, хууль шүүхийхэнтэй бүлэглэн Ариг банкийг дээрэмдсэн.
Улсын ерөнхий сайд, УИХ-ын зарим гишүүд нь хүртэл Ариг банкыг дээрэмдсэнийг хэвлэл мэдээллээр зарлаж байхад гол эзэн нь хэргээс мултарсаар ирлээ. Хэрэв энэ мэт мөнгөтэй хүн хууль, шүүхийнхэнд хэдэн төгрөг атгуулж, хэргийг өөрийн талд шийдүүлчихээд, амиа хоохойлоод үлдчихдэг юм бол энэ улсад хууль ярих хэрэг байна уу?
Мөн энэ хэрэгт оролцсон гэгдэх ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга дэд хурандаа Б.Оргил, нэр бүхий прокурорын дарга нартай холбоотой хяналтын прокурорын хэргийг яагаад өнөөдрийг хүртэл хав дарсаар байгаа нь хардлага төрүүлж байна. Магадгүй Прокурорын байгууллага өөрийн албан тушаалтнуудаа хэрэгт татвал өөрсдийнх нь нэр хүнд унах вий гэж эмээж байгаа юм болов уу?
Б.Сугар
Эх сурвалж: www.toim.mn